Тайвань Филиппинийг уучлалт гуйхыг шаардав


Таиванийн Засгийн газар Филиппиний Засгийн газрыг загасчных нь үхэлд уучлалт гуйхыг шаардлаа. Мөн маргааш буюу лхагва гаригаас өмнө уучлалт гуйхыг тулган шаардаж, Филиппиний Засгийн газрыг амь үрэгдсэн загасчных нь ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгож, эргийн хамгаалагчдаа баривчлахгүй бол дипломат болон эдийн засгийн арга хэмжээ авна гэв. Филиппиний эргийн хамгаалалтынхан өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт Таиванийн загасчны усан онгоц уруу гал нээсний улмаас 65 настай загасчин Хун Ши-чен амь үрэгдсэн юм. Хун Ши-чен Таиванийн зүүн өмнөд, Филиппиний хойд зүгийн далайн усанд загас агнаж байсан бөгөөд энэ бүс нутаг нь хоёр орны хувьд эдийн засгийн онцгой бүс нутагт харьяалагддаг байна. Болсон явдлаас хэдэн цагийн дараа Хун Ши-чений цогцос болон түүний усан онгоцыг Таиванийн эргийн хамгаалалтынхан авчирч, тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газар болон Гадаад харилцааны яам Филиппинийг уучлалт гуйхыг удаа дараа шаардсан байна. Энэ мэдэгдэлд Филиппиний Засгийн газар албан ёсоор уучлалт гуйж, энэ хэргийг мөрдөн шалгах ажлыг хурдан эхэлж, буруутай этгээдүүдэд шийтгэл ногдуулж, загасчны ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгож, маргаантай бүс нутагт загасчлах асуудлаар яриа хэлэлцээр хийх ёстой гэж бичжээ. Харин хамгийн сүүлийн мэдэгдэлдээ хөрш Филиппинийг 72 цагийн дотор хариу өгөхгүй бол тус улсын төлөөлөгчдийг нутаг буцаана гэв. Тэгвэл Таивань дахь “Би-Би-Си”-гийн сурвалжлагч Синди Суй “Таивань дахь Филиппиний төлөөлөгчид болсон явдалд харамсч буйгаа мэдэгдэж, хохирогчийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн ч Филиппиний тал уучлалт гуйхаас татгалзаж, хэргийг шалгахыг хүсэхгүй байгаа бололтой” гэж мэдээлжээ. Гэхдээ Филиппиний албаныхан “Манай эргийн хамгаалалтынхан өөрт нь ойртсон усан онгоцыг биеэ хамгаалах үүднээс буудсан” гэж хэлжээ. Тэгвэл Таиванийн тал “Усан онгоц загасчных гэдэг нь илт тодорхой байсан. Онгоцонд сумны 52 нүх үүссэн байсан. Хөлөгт дөрвөн загасчин явж байснаас гурав нь амьд гарсан. Тэдний дотор Хун Ши-чений хүү болон өргөмөл хүү байсан” гэж хэлжээ. Түүнчлэн Таиванийн Ерөнхийлөгч Ма Ин-зю “Энэ бол хэтэрхий харгис үйлдэл” гэж тэмдэглэсэн байна. Үүний дараа Таиваньд энэ хэргийг эсэргүүцсэн иргэд нэмэгдэж, Филиппиний Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлж, филиппинчүүдийг дээрэлхэх явдал газар авсан байна. Учир нь Таиваньд Филиппиний 90 мянга орчим цагаач иргэн ажилладаг бөгөөд гол төлөв үйлдвэрт туслах ажилчин, гэрт үйлчлэгчээр ажилладаг байна. Мөн Таиванийн албаныхан дээрх хэрэгт Филиппиний Засгийн газар уучлалт гуйхгүй бол цагаач иргэдийг нь улсаасаа гаргах талаар бодож үзнэ гэжээ. Тэгвэл Индонезийн хэвлэлүүдэд бичсэнээр Таиванийн эрх баригчид Филиппинтэй маргаантай дээрх бүс нутаг буюу Өмнөд Хятадын тэнгис рүү эргийн хамгаалалт болон Тэнгисийн хүчнээс бүрдсэн дөрвөн хөлөг онгоцоо илгээжээ. Мөн Филиппиний эргийн хамгаалалтынхан Таиванийн ямар ч галт зэвсэггүй загасчны усан онгоц уруу гал нээсний хариуд тус улс байлдааны хөлөг онгоцуудаа илгээж байгааг дурдсан байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)