
Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын төлөөлөгч барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Махмуд Ахмадинежадыг 74 удаа ташуурдана” гэх агуулгатай мэдээлэлд няцаалт өглөө. Британийн “Дейли Телеграф” сонин Ираны Үндсэн хуулийн цэцийн зарим гишүүдийн Махмуд Ахмадинежадын эсрэг зарга үүсгэж магадгүй байдалд үндэслэн түүнийг 74 удаа ташуурдана гэж мэдээлжээ. Исламын бүгд найрамдах энэ улсын лалын шашны нөлөө бүхий ахимаг насны номлогчдоос бүрдсэн Үндсэн хуулийн цэцийн зарим гишүүн Махмуд Ахмадинежадыг сонгуулийн хууль зөрчсөн гэж шүүмжилжээ. Гэхдээ түүний эсрэг зарга үүсгээгүй бөгөөд хэрвээ үүсгэж буруутай болохыг нь олонхийн саналаар дэмжвэл 74 удаа ташуурдах юм уу зургаан сар баривчлах ялаар шийтгэх юм байна. М.Ахмадинежад Үндсэн хуулийн дагуу дөрвөн жилийн хугацаатай хоёр удаа сонгогдох эрхээ эдэлсэн агаад ирэх зургадугаар сарын 14-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй. Харин өөрийн зөвлөх, ойрын холбоотон, Ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Эсфандиар Рахим Машайг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхээр бүртгүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Дашрамд дурдахад, энэ сонгуульд түүхэндээ байгаагүй буюу 686 хүн өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Сэтгэгдэл (0)