Туркийн сөнөөгч онгоц Сирийн ойролцоо осолджээ

Турк, Сирийн харилцаа хурцадсан энэ үед Туркийн сөнөөгч “Ф-16” онгоц Сирийн хилийн ойролцоо осолдож хоёр орны хооронд үүссэн ан цавыг улам тэллээ. Учир нь Туркийн албаныхан “Ф-16”-г Сирийн тал устгасан гэдэгт эргэлзэхгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэллээ. Албаныхан Сирийн хилийн ойролцоо сураггүй болсон “Ф-16” онгоцыг эрж хайсны эцэст нас барсан нисгэгчийнх нь хамт олжээ. “Анатолиа” агентлагт мэдээлснээр, “Ф-16” өнгөрөгч даваа гаригийн 14.15 цагт өмнө зүгийн Османие мужийн Аманосын нуруун дээгүүр нисч байхдаа холбоо тасарчээ. Холбоо тасрахаас өмнө нисгэгч нь “Би үсэрч байна” гэсэн дохио илгээсэн байна. Аврагчид нисгэгчийг онгоцны сэгээс холгүй олсон байна. Үүнээс өмнө Сирийн ойролцоо Газар дундын тэнгисийн дээгүүр нисч байсан Туркийн өөр нэг сөнөөгч онгоцыг Сирийн агаарын хүчнийхэн устгаж байв. 2012 оны зургадугаар сард болсон энэ хэргийн улмаас хөрш хоёр орны харилцаа муудаж, улмаар Сирийн нутгаас Туркийн хилийн ойролцоох хотууд уруу их буу, пуужингаар галласны дараа Анкарагийн эрх баригчид онц байдал тогтоогоод байв. Гэсэн ч Туркийн Засгийн газар хилийн дагуу байрлуулсан танкуудаа татаж, НАТО-гийн пуужингийн хамгаалалтын систем суурилуулсан. Харин өнгөрөгч ням гаригт Туркийн Сирийн хилийн ойролцоох Рейнхалы хотод 15 минутын зайтай хоёр дэлбэрэлт болж 46 хүн амь үрэгдэж, 155 хүн шархадсан. Тэсрэх бөмбөгтэй хоёр автомашины нэг нь тус хотын захиргааны байрны өмнө дэлбэрсэн бол нөгөө нь үйлдвэрийн бүсэд дэлбэрчээ. Үүний улмаас хотын захиргааны 11, орон сууцны 293, хувийн компанийн 450 барилга, 62 автомашин дэлбэрэлтэд өртөж их бага хэмжээгээр эвдэрч сүйджээ. Уг хот 25 мянга орчим хүн амтай агаад хүн амынх нь гуравны нэг орчим нь Сирийн дүрвэгчид гэнэ. Туркийн Засгийн газар энэ хэрэгт Сирийн Засгийн газрыг буруутгаж, тус улсын Тагнуулын газар гүйцэтгэсэн гэж мэдэгдсэн юм. Харин Башар аль- Ассад тэргүүтэй Сирийн эрх баригчид үүнийг үгүйсгэжээ.

Э.ТӨГС


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)