Роберто Манчиниг “Манчестер Сити”-гээс халлаа
- 2013-05-15
- Спорт
- 0
Английн “Манчестер Сити” гурван жилийн хугацаанд ахлах дасгалжуулагчийн албыг хашсан итали мэргэжилтэн Роберто Манчиниг халснаа албан ёсоор зарлалаа. Түүнд Премьер лигийн сүүлийн тойрогт ч багаа удирдах боломжийг олгох ёсгүй гэж багийн удирдлагууд үзжээ. “Сити”-гээс гаргасан мэдэгдэлд “Манчини энэ улиралд өмнөө тавьсан олон зорилгуудын нэгийг ч биелүүлж чадаагүй” гэж дүгнэсэн байна. Роберто Манчини гурван жил хагасын хугацаанд “Сити”-г удирдахдаа 2011 оны тавдугаар сард Английн цомд түрүүлүүлсэн нь тус багийн сүүлийн 35 жилийн хугацаанд хүртсэн ганц цом болсон билээ. Харин үүнээс 12 сарын дараа Английн аварга болж, 44 жилийн дараа “Манчестер Сити” улсдаа магнайлахад Роберто Манчини удирдаж байсан юм. Улирал дуустал Манчинигийн албыг түүний туслах Брайан Кидд гүйцэтгэх ажээ. “Сити” шинэ улиралд Испанийн “Малага”-гийн дасгалжуулагч Мануэль Пеллегриниг урих магадлал өндөр байгаа юм.Г.НАРАН

Сэтгэгдэл (0)