Шинзо Абэ Ким Жон Ун-тай уулзахыг хүслээ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Хойд Солонгост айлчилж тус улсын дээд удирдагч Ким Жон Унтай уулзаж ярилцахыг хүсч буйгаа мэдэгджээ. Хэдийгээр хоёр орны харилцаа тийм ч таатай бус байгаа ч Ш.Абэ Ким Жон Уныг саналаас нь татгалзахгүй гэдэгт найдаж байгаа бололтой. Хэвлэлүүдэд бичсэнээр, Ш.Абэ Ким Жон Унтай Хойд Солонгосын талд хулгайлагдсан нутаг нэгтнүүдийнхээ асуудлаар голчлон хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Ш.Абэ энэ асуудал түүнийг илүү нээлттэй болгоно гэж хэлжээ. Саяхан түүний зөвлөх Исао Лижима Пхеньянд айлчилж хоёр орны харилцааг сэргээх асуудлаар Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны нарийн бичгийн дарга Ким Ён Илтэй уулзжээ. Хоёр тал энэ айлчлалын үр дүнгийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй ч АНУ-ын Хойд Солонгосын асуудал хариуцсан төлөөлөгч Глен Дэвис Токиогийн эрх баригчдаас тайлбар хүсчээ. АНУ Хойд Солонгост учруулах дарамтаа улам бүр нэмэгдүүлж, улс орнуудыг тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхгүй байхыг хүсчээ. Г.Дэвис Токиогийн албаныхантай утсаар холбогдож Исао Лижимагийн айлчлалын талаар зарим нэг мэдээлэл авсан байна. Япон, Хойд Солонгос нь одоогийн байдлаар дипломат харилцаагүй байгаа бөгөөд Шинзо Абэгийн айлчлал хоёр орны харилцаанд томоохон сэргэлт авчирч болох талтай гэж АНУ-ын засаг захиргаа үзэж байна. Гэхдээ Токиогийн эрх баригчид Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг гол болгох нь дамжиггүй байна. Хойд Солонгост 1980-1990-ээд оны үед Японы 17 иргэн хулгайлагджээ. Харин 2002, 2004 онд Хойд Солонгост Японы тухайн үеийн Ерөнхий сайд Зюнъитиро Коизуми айлчилж, таван иргэнээ суллуулжээ. Хойд Солонгосын албаныхан тагнуул хэмээн баривчилсан Японы 17 иргэний найм нь нас барж, бусад нь сураггүй болсон гэж мэдэгдсэн ч Токиогийн эрх баригчид үүнд эргэлздэг байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)