
Сирийн засгийн газрын хүчин босогчдын байрласан Кусаир руу довтолсон байна. Тэд хотын төв хэсгийг хэдийнэ хяналтандаа авсан тухай тус улсын төв телевиз дамжуулжээ. Ливаны хилийн ойролцоох хотын эргэн тойронд тулаан хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн билээ. Ливаны Хезболлах хөдөлгөөнөөс ирсэн цэргүүд засгийн газрын хүчний эсрэг тулалдаж байгаа тухай сөрөг хүчний бүлэглэлүүд мэдэгдэж байна. Эх сурвалжуудын мэдэгдэж буйгаар Кусаир хот нь талуудын аль алиных нь хувьд стратегийн өндөр ашигтай газар ажээ. Хэрэв засгийн газар энэ хотыг эргүүлэн авбал нийслэлээс хил хүртэлх нутгийг бүхэлд нь эзлэх юм. Харин босогчид уг хотыг хяналтандаа авснаар хөрш Ливанаас зарим хэсэг нь ирэх боломжтой болно гэж Берут хотоос ВВС-ийн сурвалжлагч Жим Мьюр мэдэгдлээ. Сирийн сөрөг хүчний идэвхтний мэдэгдсэнээр засгийн газрын хүчин агаарын дайралт хийж, ширүүн бөмбөгдсөний эцэст Кусаирт 30 орчим хүн амиа алдсаны 16 нь босогчид байжээ. Улсын төв телевиз цэргүүд хотын танхим зэрэг төвийн хэсгийн барилгуудыг хяналтандаа авсан бөгөөд босогчид гэх террористуудыг нэхэн хөөж байгаа гэсэн утгатай мэдээллийг дамжуулжээ. Тэдний мэдэгдсэнчлэн хотод 70 орчим босогч амиа алдсан гэнэ. Гэсэн ч Кусаир хотод яг хэдэн хүн амиа алдсан талаарх тодорхой мэдээлэл хараахан гараагүй байна.
Сэтгэгдэл (0)