Ерөнхий сайдын айлчлал эхэллээ

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кециан албан үүргээ хүлээн авсанаас хойш анх удаагаа гадаад улсууд дахь айлчлалаа өнөөдрөөс эхлүүллээ. Түүний айлчлал Энэтхэг улсаас эхэлж байгаа юм. Ли Кециан айлчлалынхаа үеэр Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингхтэй уулзаж үдийн зоог барьж, тус улсын удирдах албаны хүмүүстэй уулзах юм. Дэлхийд хүн амын тоогоороо эхний байруудад дарааллан бичигддэг томоохон хоёр гүрний засгийн газрын тэргүүнүүд уулзаж цөөнгүй асуудлаар ярилцах нь дамжиггүй. Ли Кецианы айлчлал тус улсад гурав хоног үргэлжилнэ. Уулзалтын үеэр яригдах нэг чухал зүйл бол хилийн маргааны асуудал болно. Хятадын талаар хилийн болон бусад асуудал, хоёр орны харилцааг шинэ төвшинд хүргэх талаар голчлон ярилцах зорилготой байгаа хэмээн Синьхуа агентлаг мэдээлж байгаа юм. Энэтхэгийн талаас ч мөн энэ айлчлалд нэлээд ач холбогдол өгч байгаа. Тиймээс айлчлалыг төрийн өндөр дээд төвшинд зохион байгуулж байна. Арван жил орчим үргэлжилж байгаа Энэтхэг, Хятадын хилийн маргааны асуудал өнгөрсөн сард бараг шийдвэрлэх төвшинд хүрсэн гэж хэлж болно. Өндөржүүлсэн хилийн бүсээс хоёр улс цэргээ татсан нь үүнийг гэрчилнэ. Энэ айлчлалын дараагаар Ли Кециан Пакиситан, Швейцарь, Герман зэрэг улсуудаар айлчилна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)