
Өнгөрсөн долоо хоногийн бямба гараг буюу 2013 оны тавдугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын Москва хотод Олон улсын улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн ээлжит бус их хурал болж 110 орны үндэсний холбооны төлөөлөгчид оролцлоо. Ээлжит бус их хурлаар ФИЛА-гийн ерөнхийлөгчийн сонгууль болж сербийн иргэн Ненад Лалович сонгогдов. 132 төлөөлөгчийн 125 хүн нь түүний төлөө саналаа өгч 7 хүн татгалзсан байна. ФИЛА-гийн Товчооноос ээлжит бус их хуралд өргөн барьсан сонгомол болон чөлөөт бөхийн бөхийн барилдааны дүрмийн өөрчлөлтийн асуудлаар олон хүн санал бодлоо илэрхийлжээ. Бөхийн барилдааныг илүү үзүүштэй, сонирхолтой, ойлгомжтой болгохыг зорьж барилдааны хугацааг өөрчилж урьд нь хэрэглэж байсан 3 минутын 2 үетэй тогтолцоондоо буцан орохоор болжээ. Барилдааныг оноо цуглуулах журамд шилжүүлж өөрөөр хэлбэл хоёр үеийн барилдаанд илүү олон оноо авсан бөхийг ялагчаар тодруулах болжээ. Дэвжээнээс түрж гаргахад оноо өгдөгийг болиулж барилдааны хувь заяаг дэвжээн дээр шийдвэрлэгддэг болгожээ. Техникийн үйлдэлд өгөх оноо, идэвхгүй байдлыг үнэлэх заалтуудыг ойрын үеүдэд зохион байгуулах хэд хэдэн сорилт тэмцээнээр боловсронгүй болгохоор шийдвэрлэжээ. Нэг жингийн барилдааныг тухайн өдөр нь багтаадаг журам хэвээр мөрдөгдөнө. Тэмцээнийг хоёр өдөрт багтаан явуулдаг болгох санал дэмжигдсэнгүй. Есдүгээр сард Будапешт хотод болох ДАШТ-нийг шинэ дүрмээр явуулах юм байна.
Сэтгэгдэл (0)