Цэргийн хоолойг хэрчжээ

Их Британийн нийслэл Лондон хотноо мусульман шашинтан хоёр этгээд нэгэн цэргийн хоолойг хэрчин хөнөөсөн явдал гарснаар эмх замбараагүй байдал үүсээд байна. Лондоны Вулвич дүүрэгт гарсан энэхүү аймшигт хэрэг сэжиглэн хоёр хүнийг баривчилжээ. Гэгээн цагаан өдрөөр хутга, буугаар зэвсэглэсэн хоёр этгээд исламын сүмийн ойролцоо нэгэн цэргийн хуарангийн дэргэд аллага үйлдсэн байна. Хоёр гэмт этгээд зам хөндлөн гарч явсан нэгэн цэрэг рүү гэнэт дайрч, хоолойг нь хэрчин хөнөөхдөө "Аллах акбар" хэмээн хашгирч байжээ. Үүнийхээ дараагаар гэмт этгээд гудамжаар явсан нэгэн эмэгтэйг бичлэг хийхийг хүчээр шаардаж, яагаад аллага үйлдснээ тайлбарласан байна.  "Энэ эрэгтэйг хөнөөсөн ганц шалтгаан бол мусульманчууд өдөр бүр үрэгдэж буй явдал. Биднийг тайван байлгахгүй бол бид хэзээ ч тэмцлээ зогсоохгүй гэдгээ Аллахад андгайлдаг. Тэд бидэнтэй яаж тэмцэж байгаа шиг бид тэдэнтэй адил харьцах ёстой..." хэмээн гэмт этгээд бичлэгт өгүүлжээ. Үүнийхээ дараагаар гэмт этгээд аллагын гэрч болсон бүсгүйгээс уучлалт гуйна гэдгээ өгүүлээд "Манай эмэгтэйчүүд ч гэсэн ийм дүр зургийг хардаг шүү дээ" хэмээжээ. Тэрээр үгээ дуусгахдаа энгийн иргэд рүү нулимж буй төр засгийг нураах ёстой гэж хэлсэн байна. Хэрэг явдлыг нүдээр харсан хүмүүс "Тэд яг л галзуурсан амьтад шиг байсан" гэх юмуу эсвэл "Тэд Лондонд яг өнөөдөр дайн дэгдээхийг хүссэн" хэмээн хэлсэн байна. Хэрэг явдалтай холбогдуулан Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон "Бид хэзээ ч ийм өдөөн турхиралтад автаж, тэдний өмнө бөхийхгүй" гэжээ. Удалгүй хэргийн газар олон нийт цуглаан болсон нь аажимдаа эмх замбараагүй байдалд хүргэжээ. "Цагдаа нар руу лонх, чулуу, хог шидэж байлаа. Цагдаа нар танхай этгээдүүдийн эсрэг бороохой хэрэглэж, тэднийг баривчлахыг хичээсэн хэмээн Их Британийн нэгэн телевизээр мэдээлжээ. Эмх замбараагүй байдлыг үүсгэгчид 75-100-уулаа байсан аж. Зөвхөн Лондонд ч биш Их Британийн бусад хотуудад мусульман шашинтнуудыг эсэргүүцсэн цуглаан, жагсаал газар аваад байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)