Экс ерөнхийлөгчийг АНУ шалгаж байна

Гватемалын экс Ерөнхийлөгч Алфонсо Портиллог залилангийн хэргээр АНУ-д шилжүүллээ. Түүнийг АНУ 2000-2004 онд Гватемалын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа АНУ- ын банкуудыг ашиглан улсын төсвөөс 70 сая гаруй ам.доллар угаасан хэрэгт буруутгажээ. Тэрбээр Нью-Йоркийг зорих тусгай онгоцонд суухаасаа өмнө сэтгүүлчдэд “Энэ бол хилс хэрэг. Намайг зүгээр л хулгайлж байна. Удахгүй уулзья Гватемал” гэж хэлжээ. Алфонсо Портилло 2011 оноос хойш АНУ-д хэргээ шүүлгэхгүй байхаар тэмцжээ. Нөгөөтэйгүүр энэ нь түүний эсрэг хангалттай баримт байхгүй байсантай холбоотой аж. Үүнээс гадна экс Ерөнхийлөгч эрүүл мэндийн асуудалтай байгаа аж. Тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сард элэгний мэс засалд орсон агаад уушиг нь устаж, зүрхний хэм нь алдагдсан байна. А.Портиллогийн хэлснээр, түүнийг АНУ- ын талд шилжүүлэх нь Гватемалын хуулийг зөрчиж байгаа аж. Хэдийгээр Гватемалын шүүх экс Ерөнхийлөгч А.Портиллогийн хэргийг 2011 онд хэрэгсэхгүй болгосон ч Нью-Йоркийн прокурорууд түүнийг шилжүүлж авахаар ажилласан юм. Анх 2011 оны нэгдүгээр сард Нью-Йоркийн Холбооны дээд шүүх Гватемалын экс Ерөнхийлөгч Алфонсо Портиллог шилжүүлэн авах хүсэлт илгээсэн байна. Алфонсо Портилло баялгийг дахин хуваарилах амлалтаар 2000 онд Ерөнхийлөгч болсон ч түүний Засгийн газар Гватемалын түүхэн дэх хамгийн их хээл хахуульд өртсөн Засгийн газрын нэгээр нэрлэгдэж, шүүмжлэл хүлээж байв. Тэрбээр 2004 онд бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад Мексикийг зорьж байсан ч 2008 онд Мексикийн албаныхан түүнийг нутаг буцаасан юм. Учир нь Гватемалын албаныхан түүнийг 2001 онд цэргийн төсвөөс 15 сая ам.доллар завшсан хэрэгт буруутгаж шүүх хурал товлоод байсан юм. Гэсэн ч гурван жилийн дараа буюу 2011 онд түүний хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)