Шинзо Абэ Мьянмарт айлчиллаа

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Мьянмарт айлчиллаа. Үүгээрээ тэрбээр 1977 оноос хойш Мьянмарт айлчилж буй Японы Засгийн газрын анхны тэргүүн болж байна. Ш.Абэ Мьянмарт хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлаар хүрэлцэн ирсэн бөгөөд бизнесийн олон төлөөлөгч дагуулжээ. Япон нь Мьянмарын гол хандивлагч орон агаад цэргийн дэглэмийн үед ч худалдааны харилцаагаа зогсоогоогүй юм. Ш.Абэ айлчлалынхаа үеэр Мьянмарын хөгжилд зориулж 980 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдэх гэнэ. Тэрбээр мөн Мьянмарын сөрөг хүчний удирдагч Аун Сан Су Читай уулзах гэнэ. Аун Сан Су Чи өнгөрөгч сард Японд айлчилж Шинзо Абэтай уулзаж байсан юм. 2012 онд Японы өмнөх Засгийн газар Мьянмарын тус улсад төлөх ёстой 3.7 сая гаруй ам.долларын өрийг хүчингүй болгосон бөгөөд одоогийн Засгийн газар энэ хэлэлцээрийг хүндэтгэх аж. Ш.Абэ мөн Мьянмарын дэд бүтцийн төсөлд Японы компаниудыг оролцуулах хүсэлтэй байгаа аж. 2011 онд Мьянмарт иргэний Засгийн газар байгуулагдаж, үүнтэй холбоотойгоор тус улсад хэд хэдэн шинэчлэл явагдаж эхэлсэн юм. Тиймээс Европын холбоо, АНУ Мьянмарт оногдуулсан хориг арга хэмжээгээ цуцалсан юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)