Австрали дэлхийн хамгийн аз жаргалтай улс

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын судалгаагаар Австрали Улс дэлхийн хамгийн аз жаргалтай орноор тодорлоо. Уг байгууллагад дэлхийн 30 гаруй орон багтдаг бөгөөд судалгааг зөвхөн гишүүн орнуудынхаа дунд явуулжээ. Тэгэхэд Австрали Улс Швед, Канад, Норвеги, Швейцарь, АНУ, Дани, Нидерланд, Исланд, Их Британийг ардаа орхиж ард түмнээ хамгийн аз жаргалтай амьдрах боломжийг хангасан орноор тодров. Өөрөөр хэлбэл, дээрх есөн орон дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, аж үйлдвэржсэн орнуудыг багтаасан энэ судалгааны эхний аравт Австралийн ард бичигдсэн юм. Австрали Улс дээрх байгууллагын энэ оны жагсаалтыг тэргүүлснээр гурав дахь жилдээ дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай орноор тодорч байна. Сонирхуулахад, судалгаанд тухайн улс орны хүн амын орлогын төвшин, эрүүл мэнд, аюулгүй байдал, орон сууцжуулалт зэрэг 10 гаруй шалгуур үзүүлэлтийг харгалздаг байна. Австралийн хувьд 15-64 насны 23 сая иргэдийнх нь 73 хувь нь ажилтай, орлоготой. Дундаж наслалт бараг 82-т хүрсэн. Австраличууд өндөр хөгжилтэй бусад орнуудын иргэдийг бодвол харьцангуй цөөн цаг ажилладгийн дээр ардчиллын үйл явцад идэвхтэй оролцдог. Өнгөрсөн сонгуулиар л гэхэд сонгогчдын ирц 93 хувьтай байсан нь өндөр хөгжилтэй орнуудын хувьд маш ховор тохиолдлоор бүртгэгджээ. Ер нь, австраличууд амьдралдаа тун сэтгэл хангалуун байдаг нь судалгаанаас ил болжээ. Тэдний 84 хувь нь амьдралынхаа өдөр бүрийг эерэг, өөдрөг байдлаар угтаж, бүтээмжтэй өнгөрүүлдэг гэж хэлжээ. Уул уурхай дээр суурилсан атлаа дэлхийн хамгийн эрүүл байгаль орчинтой энэ улс 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралыг ажрахгүйгээр даван туулсан цорын ганц улс юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд тус улс уул уурхайгаас хараат байдлаас гарахын тулд барилга, үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)