
"InterActive” корпораци өөрийн эзэмшлийн “Newsweek” сэтгүүлийг зарахаар төлөвлөж байгаа талаар “Variety” сонинд мэдээллээ. “InterActive” корпораци нь 2010 онд тус сэтгүүлийг хөрөнгө оруулагч Сидни Хармантай зөвшилцсөний дагуу эрхлэн гаргаж байжээ. Учир нь Синди Харман тэр үед “Newsweek” сэтгүүлийн бүхий л санхүүгийн асуудлыг бие даан зохицуулахаар “Washington Post” сониноос нэг доллараар авсан аж. Бараг дампуурч байсан сэтгүүлийг билэгдлийн хөлс төлөн, санхүүгийн бүх үүрэг хариуцлагыг нь хүлээхээр өөртөө авсан тул түүнд “Newsweek” сэтгүүлийг цааш нь зарах эрх нь нээлттэй гэсэн үг юм байна. “InterActive” корпорацийн төлөөлөгчид тус сэтгүүлийг зарах тухай мэдээллийг одоохондоо албан ёсоор батлах болон үгүйсгэхээс татгалзаж байгаа гэнэ. Гэхдээ саяхан тус корпорацийн тэргүүн Барри Диллер телевизэд өгсөн ярилцлагадаа “Newsweek”-ийг авсан нь алдаа байсан хэмээн мэдэгдсэн билээ. Дашрамд дурдахад “Newsweek” сэтгүүлийн анхны дугаар 1933 оны хоёрдугаар сард гарч байсан бөгөөд хэдэн 10 жилийн турш олон уншигчтай, нөлөө бүхий сэтгүүлийн нэг байсаар ирсэн билээ. Гэвч 2000 оны эхээр зар сурталчилгаанаас олох ашиг эрс буурсанаас болж олон сая долларын алдагдал хүлээх болсон байна. 2012 онд тус сэтгүүлийг цаасан дээр хэвлэн гаргахаас татгалзаж, зөвхөн интернэт хувилбарыг уншигчдад хүргэх болжээ. Ийнхүү “Newsweek” сэтгүүлийн сүүлчийн хэвлэлтийн дугаар 2012 оны 12 дугаар сарын сүүлээр гарсан юм байна. Гэхдээ энэ зөвхөн Америкт. Харин “Newsweek” сэтгүүлийн бусад орон дахь салбарууд сэтгүүлээ цаасан дээр хэвлэж байгаа ч орлого нь буурах болсон байна.
Сэтгэгдэл (0)