Хойд Солонгос энхийг эрхэмлэв


Хойд Солонгосын тал Өмнөд Солонгостой энхийн хэлэлцээр хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ цөмийн зэвсгээсээ “хагацах” хүсэл хараахан байхгүй гэдгээ онцолж буй аж. Өнгөрөгч лхагва гаригт Хойд Солонгосын зүгээс Өмнөд Солонгосын талд 1950-1953 оны Солонгосын дайны үед болсон дайныг зогсоох тухай энхийн хэлэлцээрийг дахин хийх санал тавьсан талаар Хойд Солонгосын эрх баригч намын албан ёсны байгууллага болох “Нодон синмун” хэвлэл мэдээлсэн байна. “Энхтайвны амар амгалан байдалд үргэлж саад болсоор ирсэн өмнөх дайны үлдэгдлийг үгүй хийж, дайныг бүрмөсөн зогсоох хэлэлцээрийг дахин батлах зайлшгүй шаардлагатай байгаа” тухай уг мэдээлэлд онцолжээ. Хоёр тал энхийн хэлэлцээрийг байгуулах нь Хойд Солонгосыг “боомилчих” гээд байгаа АНУ-ын хувьд ч эерэг нөхцөл дагуулах гэнэ. Түүнээс гадна АНУ цөмийн аюулын “харанга дэгдсээр” байгаа нөхцөлд бид ч цөмийн зэвсгээ орхихгүй гэдгээ уг мэдээлэлд онцолсон аж. Солонгосын хойгийн нөхцөл байдал өнгөрөгч гуравдугаар сараас АНУ, Өмнөд Солонгос хоёр Солонгосын хойг дээр цэргийн хамтарсан бэлтгэл хийж эхэлсэн цагаас улам дордож, дайн эхлэх нь холгүй болтлоо муудсан билээ. Хоёр улсын цэргийн сургуулилтыг Хойд Солонгосын тал улстөрийн зорилго бүхий өдөөн хатгалга хэмээн дүгнэж, дахин ийм нөхцөл байдал үүсгэсэн тохолдолд цэргийн хуулийн дагуу хариу барина хэмээж байсан. Мөн энэ үеэр Хойд Солонгосын удирдлага Өмнөд Солонгостой хамтарсан “Кэсон” үйлдвэрээ хааж 900 гаруй Өмнөд Солонгос, 53 мянган Хойд Солонгос иргэнийг ажилгүй болгосон юм.

Ц.МӨНХЖАРГАЛ


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (126.78.124.192)

    2013-06-01

    omnodiinhon dain zogsooh heleltseeer hiij chadahugui ee. usa-iin daramt oroh biz