
Хятадын удирдагч Си Жинь Пин энэ сарын 7, 8-нд АНУ-д айлчилж Барак Обаматай зангиагүй уулзалт хийнэ. Си Жинь Пин БНХАУ-ын даргын хувиар АНУ-д анхны айлчлалаа хийж, Б.Обаматай уулзах гэж байна. Хэдийгээр хоёр тал энэхүү чухал уулзалтыг анхандаа ирэх есдүгээр сард төлөвлөж байсан ч ийнхүү урагшилсанд ихээхэн ач холбогдол өгсөн. Гэсэн ч уулзалтын өмнөх уур амьсгал эрс “сэрүүсч”, энэ хэрээр үр дүнг нь төсөөлж байсан шиг амжилтад хүрэхгүй гэж таамаглаж байна. Учир нь Хятадын хакерчид АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээллийн санд халдаж, маш чухал мэдээллүүд хулгайлжээ. Энэ явдал АНУ-ын Хятадтай харилцах харилцаанд нэн таагүй байдал үүсгээд байна. Тэгвэл тус улс Си Жинь Пиний айлчлалын дараа Японтой хамтарсан цэргийн сургуулилт хийхээр төлөвлөснөө мэдээллээ. Үүнийг олон улсын ажиглагчид АНУ-ын Хятад, тэр дундаа Си Жинь Пинд барьж буй “бэлэг” хэмээв. Сургуулилт ирэх 10-ны өдөр эхлэх агаад Хятадтай маргаантай Сенкаку буюу Дяоюйдао аралд болох магадлалтай байна. Сургуулилтыг Токиогийн хүсэлтээр явуулах гэж байгаа бөгөөд АНУ, Японы агаарын хүчний шүхэрчид оролцоно. Үүнээс АНУ, Японы десантчид хожмын нэг өдөр гуравдагч этгээдийн халдаж болзошгүй нутаг дэвсгэрт стратегийн чухал дайралт хийхэд чиглэсэн гэж харж болохоор байна. Магадгүй энэ нь Бээжинд өгч буй нэг дохио. Си Жинь Пиний айлчлалаас хэдхэн өдрийн дараа эхлэх уг сургуулилтыг Бээжингийн эрх баригчид эсэргүүцэж байгаа ч Вашингтон, Токио бодлоо өөрчлөхгүй нь тодорхой боллоо. Тиймээс Бээжин хариу арга хэмжээ авч магадгүй юм. Ямартаа ч уулзалт болдгоороо болж, дээрх сургуулилт хойшлох юм уу цуцлагдахгүй бололтой. Хятад Улс Японтой Сенкаку буюу Дяоюйдао арлын бүлэг болон үүний эргэн тойрон дахь усан бүсийн эзэмшлийн асуудлаар маргаантай байгаа. Мөн Зүүн Хятадын тэнгис дэх энэ бүс рүү эргүүлийн хөлөг онгоц болон нисэх онгоцоо илгээж, үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн. Хэдийгээр энэ хэсэг Токиогийн захиргаанд харьяалагддагч тус улс санаа зовсоор байна. Тиймээс АНУ- аас дэмжлэг хүсч, АНУ ч өгөхөөр болов. Үүний нэг илрэл нь энэ сарын 10-нд эхлэх хамтарсан сургуулилт. Мөн Сингапурт зохиогдсон Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Ла” хэлэлцээрийн үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел “Вашингтон Токиогийн эрх баригчидтай байгуулсан гэрээний хүрээнд Японы аюулгүй байдалд санаа тавина” гэв. Түүнчлэн “Сенкаку арлын асуудал Японтой байгуулсан гэрээнд багтана” гэв. АНУ Солонгосын хойгийн байдал хурцдаж, Зүүн Хятадын тэнгисийн маргаан сэдэрч эхэлсэнтэй холбогдуулан Японоос гадна Өмнөд Солонгостой аюулгүй байдлын гэрээ байгуулжээ. Мэдээж гэрээгээр Япон, Өмнөд Солонгосыг хамгаалах үүрэг авчээ. Үүнээс гадна Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэг /АСЕАН/-ийн гишүүн орнууд болох Филиппин, Индонез, Малайз, Тайланд, Вьетнам зэрэг улс Бээжингийн эрх баригчдыг эдийн засаг хийгээд стратегийн чухал бүс нутаг Зүүн Хятадын тэнгист дангаар ноёрхохыг санаархаж байна хэмээн АНУ-д хандаж, дэмжлэг хүссэн. Си Жинь Пин болон Барак Обамагийн хэн нэг нь ирэх уулзалт дээр эмзэг сэдэв болсон ч кибер халдлага, Зүүн Хятадын тэнгисийн асуудлыг хөндөх нь гарцаагүй байна. Тиймээс маргааныг шийдвэрлэх эсэхийг харах л үлдлээ.
Э.ТӨГС
Сэтгэгдэл (0)