
АНУ-ын Батлан хамгаалах яам хакерчдын дайралтад өртөж чухал мэдээллүүдээ алдсантай холбогдуулан барууны цэргийн эвсэл буюу Умард Атлантын гэрээний байгууллага /НАТО/-гийн гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нар Брюссельд цуглаж, кибер халдлагаас сэргийлэх арга замын талаар хэлэлцэж эхэллээ. Уулзалтад АНУ, Их Британи, Франц, Герман зэрэг барууны хүчирхэг орнуудын Батлан хамгаалахын сайд нараас гадна НАТО-гийн удирдлагууд оролцлоо. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссены хэлснээр НАТО ирэх намраас өөрийн болон гишүүн орнуудаа кибер халдлагаас сэргийлэх цогц үйл ажиллагаа явуулахаар тогтжээ. Уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд зөвхөн кибер гэмт хэргээс сэргийлэх асуудлаар хэлэлцэх аж. АНУ-ын Батлан хамгаалах яамны үзэж буйгаар тус улсад халдсан кибер халдлагыг Хятад Улс үйлдсэн байна. Тиймээс НАТО гишүүн орнуудынхаа интернэт сүлжээг гаднын дайралтаас хамгаалахад илүү анхаарахаар болжээ. Үүнээс өмнө буюу 2007 онд НАТО-гийн өөр нэг гишүүн орон болох Эстони кибер халдлагад өртөж байжээ.
Сэтгэгдэл (0)