
Хятадын удирдагч Си Жинь Пин,
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама
нарын хоёр өдөр үргэлжилсэн
уулзалт өндөрлөжээ. АНУ-ын Үндэсний аюулгүй
байдлын зөвлөх Том Донилоны хэлснээр уулзалт
“хосгүй, эерэг үр дүнтэй” болж өндөрлөсөн
байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн
урилгаар Хятадын удирдагч Си Жинь Пин
АНУ-д айлчилж Барак Обаматай дээд хэмжээний
уулзалт хийсэн юм. Б.Обама түүнийг Калифорни
мужийн Ранчо Мираж хотын Саннилэнд /Нарлаг
газар/ эдлэнд хүлээн авч, зангиагүй уулзалт
хийсэн. Үнэндээ Обама Ситэй энэхүү тансаг
эдлэнд илэн далангүй, нээлттэй ярилцахыг
хүссэн юм. Тиймдээ ч хоёр их гүрний тэргүүн
чөлөөтэй ярилцаж, АНУ-Хятадын харилцаанд
үүсээд буй эмзэг асуудлуудыг хөнджээ. АНУ-
ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Том
Донилон дээд хэмжээний уулзалт өндөрлөсний
дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийж “Барак Обама
Си Жинь Пинд кибер халдлага хоёр орны
харилцаанд саад учруулж буйг сануулсан” гэв.
Мөн “Хятад Улс Хойд Солонгосын цөмийн
заналхийллийг зогсооход АНУ-тай хамтран
ажиллахыг зөвшөөрсөн” гэж хэлжээ. Үүнээс
гадна “Нарлаг газар”-т Обама, Си нар эдийн
засаг, байгаль орчны асуудлаар хэлэлцжээ. Си
Жинь Пин АНУ-д өнгөрөгч баасан, бямба гаригт
айлчлаад нутаг буцсан бөгөөд Б.Обаматай баасан
гаригт зургаан цаг, бямба гаригийн өглөө гурван
цагийг хамт өнгөрүүлсэн байна. Өнгөрсөн сард АНУ-ын Батлан хамгаалах яам кибер
халдлагад өртөж, 20 гаруй маш чухал зэвсгийн
технологийн мэдээлэл алдсан. “Вашингтон
Пост” сонинд энэ халдлагыг Хятадын хакерчид
үйлдсэн гэж мэдээлсэн. Вашингтон ч үүнд
эргэлзэхгүй байгаа. Үүнээс гадна АНУ Хятадыг
оюуны өмчийн хулгайд буруутгадаг. Гэхдээ
Том Донилон дээрх мэдээллийн үеэр Барак
Обама Си Жинь Пинд кибер халдлага хоёр орны
харилцааны саад учруулж байгааг сануулж,
цахим ертөнцийн аюулгүй байдалд хамтран
ажиллах санал тавьснаас өөр дэлгэрэнгүй
мэдээлэл өгөөгүй. Си, Обама нарын уулзалтаас
өмнө Си Жинь Пиний гадаад бодлогын ахлах
зөвлөх Ян Жиечи сэтгүүлчдэд “Хятад Улс цахим
ертөнцийн аюулгүй байдлын асуудлаар АНУ-тай
санал зөрөлдөхөөс илүүтэй хамтран ажиллахыг
хүсч байгаа” гэж хэлж байсан юм. Мөн “кибер
аюулгүй байдал хоёр орны хамтын ажиллагаанд
саад учруулж, бие биенийгээ сэжиглэх үндэс
болох учиргүй” гэж хэлжээ. Тэгвэл дээрх уулзалт
дээр Хойд Солонгосын асуудлаар Си, Обама
нар санал бүрэн нийлсэн гэж Том Донилон
хэлжээ. Обама, Си нар Хойд Солонгосыг цөмийн
зэвсэггүй болгох, АНУ, Хятадын аль нь ч Хойд
Солонгосыг цөмийн зэвсэгтэй орноор хүлээн
зөвшөөрөхгүй байх болон Пхеньянийг цөмийн
хөтөлбөрөөс нь ангижруулахад нягт хамтран
ажиллахаа илэрхийлжээ. Түүнчлэн энэ уулзалтын
үр дүнд АНУ, Хятад анх удаа хүлэмжийн хийг
бууруулахад хамтран ажиллахаар болжээ. Тэгвэл
“Би-Би-Си”-гийн Хойд Америкийн эрхлэгч
Марк Марделл “Цагаан ордон Обама, Си нарын
уулзалтыг Том Донилоны хэлсэнчлэн хосгүй
үр дүнтэй болж өндөрлөсөн гэж үзэж байгаа.
Энэ уулзалт Си Жинь Пинийг гуравдугаар сард
Хятадын удирдагчаар томилогдсоноос хойшхи
Барак Обама, Си Жинь Пин нарын анхны
дээд хэмжээний уулзалт болж өндөрлөлөө.
Энэ уулзалт тэднийг бие биенийгээ илүү сайн
таньж мэдэх боломж олголоо. Тэд уулзалтын
төгсгөлд 50 минут хамтдаа алхаж, хэлмэрчийн
тусламжтайгаар бие биетэйгээ ярилцсан. Гэхдээ
Б.Обама кибер халдлагын
талаарх ярианы үр дүнд тийм ч
таатай бус байна” гэж хэлжээ.
Британийн “Гуардиан” сонины
өнгөрөгч баасан гаригийн
дугаарт нийтэлснээр, Барак
Обама Үндэсний аюулгүй
байдал болон Тагнуулын
албаныхныг АНУ-д хилийн
чанадаас кибер халдлага хийж
магадгүй орнуудын жагсаалт
гаргахыг үүрэг болгожээ.
Хэрвээ ийм жагсаалт гаргахыг
үүрэг болгосон бол үүнд Хятад
Улс орох нь дамжиггүй. Цагаан
ордон энэ мэдээлэлд хариу
тайлбар хийгээгүй. Олон улсын
ажиглагчдын үзэж буйгаар
Хятад Улс АНУ-ыг чиглэсэн энэ
мэт кибер халдлага болон оюуны
өмчийн шууд хулгай хийсээр
байвал Вашингтон-Бээжингийн
эдийн засгийн харилцаанд
томоохон бэрхшээл учрах
магадлалтай аж. АНУ, Хятад Улс
хоёулаа дэлхийд эдийн засгаараа
тэргүүлэгч орон. Хятадын эдийн засаг өсөхийн
хэрээр АНУ-ын худалдааны алдагдал хүлээж
байна. Хятад Улсын эдийн засаг өнгөрөгч онд
түүхэндээ байгаагүй буюу 315 тэрбум ам.долларт
хүрчээ. Үүний улмаас АНУ томоохон алдагдал
хүлээсэн юм. Гэсэн ч өнгөрөгч долоо хоногт
Хятадын “Шуанхуй” компани өөрийн хамгийн
том өрсөлдөгч АНУ-ын “Смитфиелд” компаниас
4.7 тэрбум ам.долларын гахайн мах худалдаж
авахаар болжээ. “Шуанхуй”, “Смитфиелд” нь
хоёулаа дотоод болон гадаадад гахайн махны
худалдаагаараа тэргүүлэгч компани аж. Дээрх
гэрээнээс Хятадын компаниудын хүч хурдацтай
нэмэгдэж буйг харж болох гэнэ. Нөгөөтэйгүүр
АНУ-ын үйлдвэрлэгчид Хятадыг чанартай бараа
бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргахыг
хүсчээ. Үүнээс гадна АНУ-ын үйлдвэрлэгчдийн
санаа зовоож буй зүйл нь оюуны өмчийн
хулгай. Тэдний хэлснээр өнгөрөгч онд Хятадын
үйлдвэрлэгчид АНУ-ын үйлдвэрлэгчдийн бараа
бүтээгдэхүүний 50-80 хувийг нь хуулбарласан
аж. Үүний улмаас АНУ-ын үйлдвэрлэгчид 300
тэрбум гаруй ам.долларын алдагдал хүлээсэн
гэж АНУ-ын Оюуны өмчийн хулгайтай тэмцэх
газраас мэдээлсэн юм. Юутай ч Барак Обама,
Си Жинь Пин нарын уулзалт энэ бүх асуудлыг
шийдэхэд тодорхой хувь нэмэр оруулах нь
гарцаагүй.
Сэтгэгдэл (0)