Б.Ёндон: Болдогсон бол наадмаас өмнө сурынхаа талбайг томруулмаар байна

Аавынхаа итгэлийг алдалгүй бэлтгэл хийж, 2011 онд дөрвөн тэгш ой давхацсан төрийн их баяр наадамд 21-хэн насандаа түрүүлж, Монгол Улсын мэргэн хэмээх эрхэм цолыг хүртсэн залуу харваач Б.Ёндонтой ярилцлаа. Тэрбээр 40 сум тавьж, 38 оноогоор түрүүлж улсын мэргэний болзлыг хангаж байжээ.
-Удахгүй үндэсний их баяр наадам болох гэж байна. Бэлтгэлдээ хэзээнээс гарав?
 -Ер нь эрүүл мэндийн байдлаас болоод бэлтгэл сайн хийж чадсангүй. Ямартаа ч уламжлал ёсоороо наадмын талбайд харвана. Тиймээс жаахан ч гэсэн бэлтгэл хийхгүй бол болохгүй. Гэхдээ өндөр амжилт гаргана гэж бодохгүй л байна. Залуу хүн учраас дараагийн олон наадам намайг хүлээж байгаа. Улсын наадамд дахиад түрүүлэх боломж бий гэж бодож байна. Гол нь эрүүл байх хэрэгтэй. Тэгж байж л амжилтад хүрнэ шүү дээ.
-Монголын үндэсний харвааны “Есүнхэй мэргэн” холбооны тэргүүнээр хэзээнээс ажиллах болсон бэ?
-2004 онд Эрдэнэт хотод Даваахүү багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилт хийдэг байсан юм. Тухайн үед “Хангарьд” клубын орлогч захирал Сумьяасүх ах надтай хамт харваж эхэлж байлаа. Би ч 14-тэй жаахан хүүхэд байж. Сумьяасүх гуай дэд мастерын болзол хангаж, сүүлдээ харвахаа больсон. Тэрээр Монголын үндэсний харвааны “Есүнхэй мэргэн” холбоог анх санаачилж, тэргүүнээр нь ажиллаж байсан юм. 2011 онд намайг Улсын мэргэн цол авахад Сумьяасүх ах тус холбооны тэргүүнээр ажиллах санал тавьсан. Анхандаа ч чадахгүй, би залуу байна гэж байлаа. Гэхдээ надад итгээд санал тавьж байхад зүтгээд үзэх нь зүйтэй гэж бодоод 2012 онд саналыг хүлээн авч ажиллаж эхэлсэн. Харваагаа хөгжүүлж, олон нийтэд хүргэхийн төлөө ажиллаж байна.
-Танай холбооны зохион байгуулсан “Есүнхэй мэргэн 335” тэмцээн хэрхэн болж өндөрлөв?

-Тэмцээн миний санаж байснаар өргөн цар хүрээтэй, сайн зохион байгуулалттай болж өндөрлөлөө. Тэмцээний тухай мэдээлэл ч олон хүнд хүрч, 21 аймгаас харваачид ирж оролцсон. Нийт 122 харваач цэц мэргэнээ сорьсон. Түрүү мэргэнээр Монгол Улсын гарамгай мэргэн, 2012 оны улсын наадамд түрүүлсэн харваач Цэвээний Хүдэрчулуун тодорч, дэд байрт Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн их баяр наадмын түрүүгээр шалгарч байсан харваач Х.Болдбаатар нар шалгарсан.
-Тэмцээний шагнал их өндөр байсан. Тиймээс хүмүүсийн анхаарлыг их татсан байх?
-“Есүнхэй мэргэн 335” харваа жил бүр зохиогддог. Шагналд татагдсан гэхээс илүүтэй тэмцээний шалгуур олны сонирхлыг татсан байх. Бай шагналын хувьд жил бүр нэмэгдэж байгаа. Учир нь энэ спортыг дэмжиж ажиллах байгууллага нэмэгдэж байна. Улсын наадамд түрүүлсэн, эхний тавд багтсан харваачдын бай шагнал сайжирсан гэж би хувьдаа боддог. Аль ч төрлийн спортынхон бэлтгэлдээ маш их хөрөнгө, хүч хөдөлмөр зарцуулдаг. Тийм байтал бай шагнал нь бага байвал хэцүү биз дээ. Одоогийн бай шагналд би хувьдаа сэтгэл хангалуун байдаг. Цаашид улам нэмэгдэх байх.
-Сурын спортод яагаад орох болов?
-2003 оноос сурын спортыг сонирхож эхэлсэн. Харин 2004 оноос жил бүр тасралтгүй тэмцээн уралдаанд оролцож өдий хүрсэн. Миний аав Х.Баасанхүү гэж спортын мастер цолтой харваач байдаг. Аавынхаа нөлөөгөөр л багаасаа энэ спорттой нөхөрлөсөн. Аавыг харвадаг байхад Завхан аймгийн Дөрвөлжин сум ганц ч харваачгүй байсан гэдэг. Тэгээд аав сур харвааны ном харж, уншиж байгаад харваж сурсан гэж ярьдаг юм. Өвөөтэй хамтарч нум, сумаа хийсэн гэсэн. Аавынхаа хөдөлмөрийг талаар болгоогүйдээ баяртай явдаг юм.
-Тань шиг залуу насандаа Улсын мэргэн цол хүртсэн харваач манайд хэр олон байдаг вэ?
 -Байлгүй яахав. Миний мэдэхийн Баасанхүү мэргэн 21 настайдаа Улсын мэргэн болж байсан. Бас 19 настай Тулга гэж залуу тодорч байсан гэдэг. Гэхдээ энэ нь олон жилийн өмнө тохиолдож байсан.
-Тухайн үед өөрийгөө түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан уу?
- Ер нь бол хэцүү л дээ. Тухайн үед би ШУТИС-ийг Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгсч байсан юм. Угаасаа мэргэжлээрээ ажиллахаар болчихвол сурын спортод амжилт үзүүлж чадахгүй байх гэж бодож байлаа. Тиймээс амжилт үзүүлэхийн тулд их шургуу бэлтгэл хийсэн. Мөн 2010, 2011 оны Улсын аваргад тэргүүн байр хүртэж байсан. Тиймээс л түрүүлнэ гэсэн итгэлтэйгээр бэлтгэлээ хийсэн. Бэлтгэлийн үр дүн ч гарсан даа. 40 сум тавьснаас 38 ононо гэдэг тэр үед их сайн амжилт байсан. Харин сүүлийн үед харваачдын рейтинг их өндөр болоод байна.
-Дан сурын спортоор амьдралаа авч явахад хэцүү байх. Өөр ажил хийж байгаа юу?
 -Би Уул уурхайн инженерийн мэргэжилдээ их хайртай. Амжилт үзүүлж чадна ч гэж итгэдэг. Одоогоор “Glogex Mining Consulting” компанид ажиллаж байгаа.
-Одоо барьж байгаа нумаа хэдэн жил эвшээлгэж байна вэ?
-Өмнөговь аймгийн харьяат гоц мэргэн Баттөмөр гэдэг хүний хийсэн нум. 2008 оноос хойш барьж байгаа. 2011 онд гэмтэлтэй болоод засварт явуулж байлаа. Яг 2011 оны наадмын үеэр Сэлэнгэ аймгийн Баатар гэх хүний хийсэн нумаар харваж ялалт байгуулж байсан.
-Ер нь хэдэн нумтай вэ?
-Хоёр нумтай.
-Нум, сумны үнийн хувьд хэр ялгаатай байдаг бол?
-Нум 500 мянга, сум нь 100 мянгатай л байдаг юм.
-Сурын талбайд тамирчид бэлтгэлдээ гараад эхэлчихжээ. Бэлтгэл сургуулилт хийхэд ямар байдаг вэ?
-Сурын спортыг сонирхогч, үзэгчид нэмэгдэж байна. Жил бүрийн наадмыг харж байхад сурын жижигхэн талбай багтаж ядсан их хүнтэй байдаг. Гэхдээ тэдний олонхи нь харваачдын ар гэрийнхэн, эсвэл гадаадын жуулчид байдаг юм. Жуулчид сур харвааг маш их сонирхож, зарим нь бүр хичээнгүйлэн суралцдаг шүү. Энэ спортыг сонгож хичээллэх залуусын тоо ч олширсон. Талбай маань жижигдэж харваач бид чинь багталцаж харвахад хэцүү болсон байна. Талбайгаа томруулмаар санагддаг. Болдогсон бол энэ жилийн наадмаас өмнө сурынхаа талбайн хэмжээг томруулмаар байна
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (122.201.18.145)

    2013-06-12

    ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

  • ЗОЧИН 00 (202.9.47.132)

    2013-06-12

    ЗӨВ ШҮҮ