АНУ-ын нууц задруулагчид орогнол олгох эсэхийг хэлэлцэнэ
- 2013-06-12
- Дэлхий
- 0
АНУ-ын Тагнуулын төв агентлаг, Үндэсний аюул гүй байдлын агентлагийн ажилтан Эдвард Сноуден Хонконг дахь зочид буудлаас гараад одоог хүртэл сураггүй байна. АНУ-ын албаныхан түүнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд тэрбээр нууцын зэрэглэлд хамаарах мэдээлэл задруулсныхаа дараа ийнхүү зугтжээ. Гэсэн ч АНУ-ын албаныхан түүнийг Хонконгоос гараагүй гэдэгт итгэлтэй байна. Өдгөө 29 настай Э.Сноуден Тагнуулын төв агентлаг, Үндэсний аюулгүй байдлын агентлаг хүмүүсийн утасны яриаг чагнадаг байсныг “Вашингтон Пост” болон Британийн “Гуардиан” сонинд мэдээлж, энэ нь ид дуулиан тариад байна. Үүнээс өмнө АНУ-ын Засгийн газрыг иргэдийнхээ утасны яриаг чагнадаг тухай мэдээлэл нэг бус удаа цацагдаж байсан ч дээрх шиг албан ёсоор батлагдаагүй юм. Тиймээс Засгийн газрын энэ үйлдлийг иргэд хүний эрхэнд бүдүүлгээр халдсан явдал хэмээн буруушааж байна. Харин зарим нь террорист халдлага болон бусад хууль бус үйлдлийг илрүүлэх, сэрэмжлэх зорилготой гэж зөвтгөв. Үүнтэй холбогдуулан нэгэн материал хүргэхэд “Вашингтон Пост” сонин болон “Pew Research Center” судалгааны төв Засгийн газар иргэдийн утасны яриаг чагнах үйлдэлд америкчууд хэрхэн хандаж буйг тогтоох судалгаа явуулж, дийлэнх нь дэмжиж байгааг тогтоосон гэнэ. Тодруулбал, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн энэ хөтөлбөрийг америкчуудын 56 хувь дэмжиж, 41 хувь нь эсэргүүцсэн аж. Тэгвэл долоон жилийн өмнө яг ийм судалгаа явуулахад 51 хувь нь дэмжиж, 47 хувь нь эсэргүүцэж байсан гэнэ. АНУ-ын Засгийн газрын албаныхан иргэдийн утасны яриаг чагнадаг байснаас хүлээн зөвшөөрснөөс гадна Бүгд найрамдах намын Ерөнхийлөгч Жорж Буш 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа утасны яриа чагнах хуулийн төсөл батлуулсан гэв. Ямартаа ч хүмүүс утсаар ажил, амьдралаа зохицуулж, хувийн нууцаа ярилцдаг. Уг нь АНУ болон бусад оронд хувийн нууцыг хуулиар хамгаалж, дээдэлдэг. Үүнтэй холбоотойгоор ч тэр үү америкчуудын дунд Засгийн газраа эсэргүүцэх байдал ажиглагдаж эхлэв. АНУ-ын Засгийн газрын нэр хүнд унаж бус энэ үед, судалгааны байгуулагууд үүнийг баталсан ч Барак Обамагийн чансаанд онцын өөрчлөлт ороогүй гэж мэдээлсэн. Тэгвэл утасны яриаг чагнах явдал АНУ-ын Засгийн газрын нэр хүндийг улам унагаж орхилоо. Эдвард Сноудений хэрэг энэ мэтчилэн араасаа олон асуудал дагуулах төлөв ажиглагдаж, АНУ-ын албаныханд түүнийг баривчлах шаардлага тулгарч байна. Эдвард Сноуден өнгөрөгч тавдугаар сарын 20-нд Хонконгт ирж, түүнээс хойш “Мира” зочид буудалд амьдарч байжээ. Юутай ч энэ асуудалтай холбогдуулан ОХУ-ын удирдлагууд түүнд улстөрийн орогнол олгох эсэх асуудлаар хэлэлцэж магадгүй тухай тус улсын “Коммерсант” сонинд нийтэлжээ. Учир нь Э.Сноуден олон улсаас улстөрийн орогнол хүссэн юм. Түүнд “Викилийкс” цахим хуудаст АНУ-ын Батлан хамгаалахын нууц мэдээлэл дамжуулсан нь илэрч баривчлагдсан түрүүч Брэдли Мэннингийн туршлага байгаа. Б.Мэннинг энэ үйлдэлдээ хүндхэн шийтгэл хүлээх нь тодорхой байгаа ба Э.Сноуден түүн шиг баривчлагдахыг хүсэхгүй байна. Э.Сноуден олон улсаас улстөрийн орогнол хүссэн энэ мэдэгдлийн дараа Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд бүтэн жил орогнож буй Австралийн иргэн “Викилийкс” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж Латин Америк уруу явахыг зөвлөв. Латин Америкийн орон Эквадор Улс Ж.Ассанжид улстөрийн орогнол олгож эх орондоо амьдрахыг зөвшөөрсөн ч тэрбээр Лондон дахь тус улсын Элчин сайдын яамнаас гарч чадахгүй байгаа билээ. Тэрбээр өөрийн “Викилийкс” цахим хуудсаар дамжуулан АНУ-ын нууц мэдээллийг олон нийтэд дэлгэсэнд буруутгагдсан. Ж.Ассанж “Си-Си-Эн”-ийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Латин Америкт хүний эрхийг дээдэлдэг болсон” гээд өөрийнх нь Латин Америк уруу явах зөвлөгөөг Эдвард Сноуденийг дагахыг маш ихээр хүсч буйгаа нуусангүй. Магадгүй үүгээрээ тэрбээр Эдвард Сноуденд Эквадорыг санал болгосон. Ж.Ассанж Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреатай боломжийн найзууд агаад түүнд Эдвард Сноуденд улстөрийн орогнол олгохыг ятгаж магадгүй. Олон улсын зарим эрэн сурвалжлах сэтгүүлч Ж.Ассанжийг Рафаэль Корреагаас улстөрийн орогнол, аюулгүй байдлын хамгаалалтыг АНУ болон тус улсын холбоотон бусад оронтой холбоотой нууц мэдээллээр наймаалцсан гэдэгт эргэлздэггүй. Рафаэль Корреа АНУ, Британийн дипломат дайралтаас Ж.Ассанжийг тууштай өмгөөлж байсан. Бүр Эквадор хүнд шахалтад орох тэр үед Рафаэль Корреагийн ойрын холбоотон Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавес АНУ-д хатуу анхааруулга өгч, Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд Британийн тал дайран орж Ж.Ассанжийг баривчилбал Латин Америкийн холбоотнуудаа босгох болно гэж байв. Нөгөөтэйгүүр Эквадорын Засгийн газар Британитай ойрын хугацаанд Ж.Ассанжийн асуудлаар хэлэлцэхээр тогтсон. Элчин сайдын яаманд бүтэн жил амьдарсан Ж.Ассанжийн байдал хүндхэн байгаа нь ойлгомжтой. Гэхдээ Эквадорын Засгийн газар түүнийг Британийн талд шилжүүлэхгүй гэсэн байр суурин дээр бат зогсох нь лавтай байна. Хоёр орны албаныхны дээрх уулзалтаар Эквадорын тал Британиас Ж.Ассанжийг Эквадор уруу саадгүй зорчиход дэмжлэг үзүүлэхийг хүсэх гэнэ. Ж.Ассанж энэ уулзалтыг амжилтад хүрнэ гэж найдаж байгаа ба Эдвард Сноудентай Эквадорт уулзахаар төлөвлөсөн бололтой. Гэхдээ Э.Сноуден дээрх нэр нь дурдагдсан Эквадор, ОХУ зэрэг орнуудад өөрөө албан ёсоор хүсэлт тавьсны дараа тухайн улс улстөрийн орогнол олгох эсэхээ шийднэ. Ямартаа ч дээрх мэдээллээс харахад Эдвард Сноуденийг АНУ-аас барууны эвсэлд багтдаггүй аль нэг орон, тэр дундаа ОХУ юм уу Эквадор өмгөөлж магадгүй гэсэн таамаг дэвшиж байна.Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)