Америкийн “толгойны өвчин”
- 2013-06-25
- Дэлхий
- 0
Тагнуулын ерөнхий газрын ажилтан асан Эдвард Сноуден АНУ иргэдийнхээ интернэт мэдээллийг шалгадаг гэсэн мэдээлэл цацсанаасаа болж “Баригдашгүй өшөө авагч” шиг зугтаж байгаа. Түүний мэдээлэл нууцын зэрэглэлтэй нь хэн бүхэнд ойлгомжтой ч бас чиг түүнийг бариад өгчих “хорон санаатан” хараахан олдоогүй байна. Тэрбээр Америкийн нууц албаныхны “толгойны өвчин” болоод хоёр долоо хоног өнгөрсөн. Түүнд ямар нууц программ байгааг Тагнуулын ерөнхий газар таамаглахгүй байгаад асуудлын гол нь оршиж байгааг ажиглагчид үгүйсгээгүй. Эдвард Сноуден Хонконгоос явахын өмнөхөн Америкийн үндэсний аюулгүй байдлын ажилтнууд Хятадын иргэдийг мессежээр хянадаг хэмээн бас нэгэн нууц задалжээ. Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын агентлаг Хятадын гар утасны оператор компаниудын сүлжээг эвдэж sms-ийг нь хянадаг хэмээн Хонконгийн “South China Morning Post” сонинд ярьжээ. Эдвард Сноуден өөрт нь хэлсэн дээрх үгээ батлах хангалттай нотолгоо байгаа гэсэн байна. Тус сонинд мэдээлснээр sms нь Хятадын үүрэн холбооны хэрэглэгчдийн хамгийн өргөн хэрэглэдэг үйлчилгээ бөгөөд 2012 онд 900 тэрбум sms илгээсэн байдаг аж. Эдвард Сноуден Хятадын сэтгүүлчдэд Америкийн тусгай- гийнхан Хятадын янз бүрийн салбар тухайлбал, Цинхуа их сургууль болон бусад дээд боловсролын байгууллагуудын сайтад халдаж байсан талаар ярьжээ. Эдвард Сноуден өнгөрөгч даваа гаригт “Шереметьево”-гийн F терминалд Кубын нийслэл рүү нисэх онгоцоо хүлээж байхдаа Эквадороос улстөрийн орогнол хүссэн тухай тус улсын Гадаад хэргийн сайд Рикардо Патиньо твиттертээ бичжээ. Сайд Латин Америкийн “Телесур” сувагт ярилцлага өгөхдөө “Сноудены асуудлыг ойрын үед шийднэ” гэсэн байна. Вьетнамд айлчлал хийж байгаа Эквадорын Гадаад хэргийн сайд Сноудены асуудлыг “Викиликс”-ийг үндэслэгч Жулиан Ассанжтай адил үндэслэлээр шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлжээ. Энэ нь үндсэндээ Сноуденд улстөрийн орогнол олгоно гэсэнтэй адил сонсогдож байгаа хэмээн ажиглагчид үзэж байна. Сноуденыг Ассанжийн туслах Сара Харрисон Хонконгоос Москвагийн онгоцонд суухад нь тусалсан аж. “Викиликс” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж жил гаруй Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож байгаа юм. Сноуден “Шереметьево”-гийн дамжин өнгөрөх танхимд байхдаа Эквадорын элчин сайдтай уулзаж албан ёсны баримтаа өгсөн нь тодорхой болоод байна. Хонконгоос Москвад Аэрофлотын онгоц газардмагц Эквадорын Элчин сайдын яамны хоёр машин ирж, удалгүй хэвлэл мэдээллийнхний “десант” буусан ч дипломат ажилтнууд тэднээс ямар ч тайлбаргүй “зугтсан” тухай Оросын хэвлэлүүд бичиж байна. Оросын эх сурвалжийн мэдээгээр Сноуден хоёр тасалбартай байсан бөгөөд нэг нь Кубын нийслэл Гавана, нөгөөх нь Гавана-Каракас гэсэн чиглэлийн нислэгийн тийз байсан аж. Олон улсын ажиглагчид Кремль Сноуденыг санаатайгаар дэмжиж дамжин өнгөрүүлсэн гэж буруутгасан ч Москва ямар ч мэдээлэлгүй байсан хэмээн өгүүлж байна. Хонконгийн эрх баригчид Сноуденыг сайн дураараа нутгийг нь орхин гарч бусад энгийн хүмүүсийн адил тасалбар авч хилээр гарсан гэж мэдэгджээ. АНУ-ын Төрийн департамент Эквадор, Венесуэл, Кубын эрх баригчдад хандан Эдвард Сноуденд улстөрийн орогнол олгохгүй байхыг уриаллаа. АНУ Сноудены гадаад паспортыг хүчингүй болгосноо зарлаж Хонконг, ОХУ-ын зохих албаныханд мэдэгдээд байсан юм. Төрийн департамент дээрх шийдвэрийг гаргасныхаа орой Сноудены гадаад паспортыг хүчингүй болгосон нь АНУ-ын иргэнээс хассан шийдвэр биш гэж тайлбар хийжээ. Америкийн өндөр албан тушаалтан Сноудены паспортыг хүчингүй болгоод байхад хэрхэн Хонконгоос Москва хүртэл ниссэн асуултад хариу олдохгүй байна гэж АВС-д яриа өгчээ. Дээрх асуултад Москва “Сноуден Оросын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдээгүй. Манай хүчний байгууллагуудад түүнийг саатуулах үндэслэл байхгүй” хэмээн мэдэгдээд байна. Москва дахь Эквадорын Элчин сайдын яамны эргэн тойронд сэтгүүлч, ажиглагчид сүүлийн өдрүүдэд 24 цагаар “жижүүрлэж” байгаа бөгөөд яамны цонх шөнөжин гэрэлтэй хонож байгаа аж.Д.Баясгалан

Сэтгэгдэл (0)