Жохар Царнаевыг 30 гаруй зүйл ангиар буруутгалаа

-ТЭР ХЭЗЭЭ Ч ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ХАМРАГДАХГҮЙ ГЭЖ ӨМГӨӨЛӨГЧ НЬ МЭДЭГДЛЭЭ-

 

АНУ-ын Бостон хотод болсон марафон гүйлтийн үеэр олон хүний аминд хүрсэн ах дүү Царнаевт прокуророос яллах шийдвэр гаргажээ. Үй олноор нь хөнөөх зэвсэг хэрэглэсэн, нийгэмд аюултай байдал үүсгэсэн, иргэдийн аминд санаатай хүрсэн, террорист үйл ажиллагаа явуулсан, террорист ажиллагаа зохион байгуулах үйл ажиллагаанд оролцсон, буруу мэдүүлэг өгсөн, Бостон хотын олон нийтийн үйл ажиллагааг санаатай зөрчиж, урьдаас төлөвлөсөн халдлагад оролц­сон, баривчилгааны үеэр цаг­даагийн эсрэг гал нээ-сэн, хууль бус зэв­сэг эзэмшсэн гэх мэт 30 гаруй зүйл ангиар амьд үлдсэн Жохар Царнаевийг буруутгаж байна.

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-ны өдөр болсон халдлагын гол бурууг өөрийн төрсөн ах руугаа чихсэн Жохарын хувьд 19 настай ч АНУ-ын Үндсэн хуулийн дагуу “ял шийтгэл эдлэх боломжтой” гэж үзэн ийнхүү бүх насаар нь хорих ялаар шийтгэж байгаа аж. Хуулийн дагуу түүнийг цаазаар авах боломжгүй гэдгийг өмгөөлөгч нь хэвлэлийнхэнд хэлсэн. Гэхдээ Холбооны шүүх, олон улсын шүүхээс зөвшөөрөл авсан тохиолдолд цаазаар авах боломжтой гэдгийг хуулийнхан тайлбарласан юм.

Хэргийг нотлох олон баримт ээлж дараалан илэрсээр байгаа талаар мөрдөнгийнхөн онцолсон. Жишээ нь, цахим худалдаагаар халдлага болохоос хоёр сарын өмнө тэд гар аргаар хийх тэсрэх бөмбөгийн эд зүйлсийг худалдаж авч байжээ. Улмаар цахим сүлжээгээр хэрхэн гар аргаар тэсрэх бөмбөгийг угсрах зааварчилгааг татаж авч байсан талаар нотлох баримт олдсон гэдгийг CNN агентлаг мэдээлэв.  Энэ бүхэн олонд ил болсноос хойш Бостон хотын иргэд Холбооны мөрдөн байцаах газарт ихэд бухимдаж, шүүмжилсэн. Тэд “Хэрэв тэд цахим сүлжээг ашиглан гар аргаар хийх тэсрэх бөмбөгний эд зүйлс болон зааварчилгаа татаж аваагүй байсан бол, энэ бүгдийг Холбооны мөрдөх товчооны мэргэжилтнүүд илрүүлээгүй бол бүх зүйл өөр байх байлаа” хэмээн шүүмжилсэн байна.

Хэргийг Жохарын ах зохион байгуулсан, өөрөө тэсрэх бөмбөг хийж байгааг мэдээгүй гэдгийг хэлсэн болов ч, энэ бүхэн үндэслэл болж чадахгүй байв. Эмнэлгийн орон дээр өндөр харуул  хараа, хяналт дор  байгаа Жохар Царнаев эрчимт эмчилгээнд байгаа гэдгийг эмч нар мэдэгдсэн. Түүний эцэг ноён Царнаев хоёр хүүгийнхээ талаар хэвлэлийнхэнд дахин байр сууриа илэрхийлсэн юм.  Тэрбээр “Миний хоёр хүү яагаад ийм хэрэг үйлдсэн гэдгийг би олж тогтооно. Тэд хэзээ ч өөрсдөө ийм аймшигт хэрэг үйлдэхгүй байсан. Би бага хүү Жохартай уулзах хүсэлт тавьсан ч Холбооны мөрдөх товчооныхон  хүлээж аваагүй. Түүний өмгөөлөгчтэй л холбоотой байгаа” гэжээ. Жохарын өмгөөлөгч нь “Жохар Царнаев хэзээ ч өршөөлийн хуульд хамрагдахгүй” гэдгийг өөрт нь мэдэгдсэн. 

Хувь хүний хувьд Жохар Царнаевийн сургуулийн багш нар түүнийг “сайн хүүхэд байсан” талаар мэдэгдсэн. Мөн ямар шалтгаанаар хэргийг үйлдсэн нь үнэхээр багш нарыг цочирдуулсан бас гайхшруулсан талаар “USA Today” мэдээлсэн юм. Сахилга хүмүүжлийн хувьд сайн байсан Жохарын хувьд үнэхээр дээрх халдлагад төрсөн ах нь уруу татсан эсэх нь тодорхой бус үлдсэн. Ямартай ч хэргийг үйлдсэн, нотлох баримтууд олдсон, мөн цагдаа нарын өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн.

АНУ-ын “Cambridge Ringe & Latin School”-д сурдаг байсан Жохарын хувьд эцгийнхээ гол найдвар байсан. Гэр бүлийнхээ хамгийн ирээдүйтэй боловсон хүчин болох боломж түүнд байсан гэдгийг ээж нь хожим хэлсэн байдаг. Эцэг нь байнга “Улаан дипломтой төгсөх ёстой. Театрын сургуулиа орхисон хэргээ улаан дипломоор л хаах хэрэгтэй” хэмээн бага хүүдээ сануулдаг байжээ. Анх 2001 онд АНУ-д улс төрийн шалтгаанаар цагаачлах хүсэлт тавьсан тэдний  хувьд ах нь эрт гэрлэж, хүүхэдтэй болсноор бие даан гарчээ. Харин дүү нь сургуулиа амжилттай төгсөж, гэр бүлээ тэжээх ёстой байсан гэдгийг ээж нь ч хэвлэлийнхэнээс нуугаагүй.

Хамгийн хачирхалтай нь сахилга баттай  байх нь террорист ажиллагаатай ямар хамаатай эсэх дээр мөрдөнгийнхөн шүүмжилжээ. Мөрдөнгийнхөн “Ямар учраас Жохар Царнаевыг өнгөрсөн оны есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-ын иргэншилд авсан бэ” гэдэг дээр ихэд гайхширчээ. Мөн 2001 онд Тамерлан АНУ-д цагаачлал хүсч, иргэншилд бүртгүүлсэн. Энэ бүхэн өнөөдрийн дүр зургийг илэрхийлж байсан ч юм шиг.

Жохар Кембрижийн тэтгэмж авдаг оюутан байсан. Тэрбээр Чеченийн Махачкала хотын дунд сургуульд элсээд нэгдүгээр ангиа дүүргэлгүй АНУ руу шилжсэн аж. Ах нь мэргэжлийн боксчин байсан. АНУ-ын шигшээд ороод амжилт үзүүлэх талаар ярьдаг нэгэн байсан ч бүх зүйл өөрөөр эргэсэн байна. Ээж нь Натик хотын нэгэн дэлгүүрээс хувцас хулгайлах гэж байгаад баригдсан. Эцэг нь хоёр хүүхдийнхээ талаар “Жохар бол дуугүй, даруухан хүү. Харин Тамерлан аймхай, бүтэлгүй амьтан. Гэхдээ тэд миний л хүүхдүүд” гэж үздэгээ хэлсэн байдаг. Харин ах нь дүүдээ террорист ажиллагаа, гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг үүрүүлэх зэргээр дээрх гэмт хэргийг үйлдэхэд хамгийн их нөлөөлсөн. Мөн дүү нь цагдаагийн эсрэг гал нээж, амьд үлдсэн террорист халдлагын гол буруутан болоод байгаа. Царнаевийн гэр бүлийнхэн дэлхий нийтэд иймэрхүү сэтгэгдэл төрүүлж байгаа нь үнэн.

Ажиглагчид ч хэргийн талаар хоёр дахь тайлбарыг сүүлийн долоо хоногт хийхээр болсон. Тэр нь “Хэрэв ах Тамерлан амьд байсан бол хэргийг илүү дэлгэрэнгүй болгож, цаад буруутай этгээдийг, цаана нь байгаа гол эзнийг олох байсан болов уу” гэсэн сэдвийн дор ярилцаж байгаа аж. Мөн “АНУ-ын тусгайгийнхан бүхэл бүтэн хоёр сарын өмнөөс цахим дэлгүүрэс тэсрэх бөмбөгний эд зүйлс авч байхад ямар хараа хяналт хийж байсан юм бэ. Яагаад хэргийг урьдчилан сэргийлэх ажиллагаа авч болоогүй юм бол. Энэ бүхэн болох ёстой байсан юм болов уу” гэх мэт хэргийн талаарх эргэлзээтэй байр суурийг олонд төрүүлсээр байна. 

 

Б.Баатар




  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)