Чадын экс Ерөнхийлөгчийг баривчлав

Чадын төрийн эрхийг барьсан найман жилийн хугацаанд харгислал үйлдсэн хэрэгт буруутгагдан эрэн сурвалжлагдаж байсан экс Ерөнхийлөч Хиссен Хабре өчигдөр Сенегал улсад баривчлагджээ. Албаныхны мэдээлснээр Сенегалийн хагас цэрэгжүүлсэн цагдаагийн хэсгийн албан хаагчид Чадын экс Ерөнхийлөгч Хиссен Хабрийг Дакар хотод байрлах гэрээс нь баривчлан, авч явсан байна. Өдгөө 70 настай Хиссен Хабре нь 1982 онд цэргийн эргэлтээр Чадын төрийн эрхийг гартаа авснаас хойшхи найман жилийн хугацаанд өөрийг нь эсэргүүцсэн олон мянган хүнийг эрүүдэн тамлаж, амийг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа гэнэ. Сенегалийн цагдаагийн газраас Чадын экс Ерөнхийлөгчийг баривчилсан үйл явдал нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тус улсад хийх айлчлал эхэлсний дараа өдөр нь  болсноороо анхаарал татаж байна. Чадын ард иргэд Хиссен Хабрег 1990 онд хүчээр төрийн эрхээс буулгасны дараа Сенегал улс руу дүрвэсэн бөгөөд тэнд 2005 оноос хойш гэрийн хорионд байсан байна. Харин өнгөрсөн жил НҮБ-ын олон улсын эрүүгийн шүүхээс Сенегал улсад хандан Хиссен Хабрег шүүхэд дуудах юмуу хуулийн дагуу гадаад улсад шилжүүлэн өгөхийг шаардсан аж. Түүнчлэн хүний эрхийн байгууллагын зүгээс өнгөрсөн арван жилийн турш Хиссен Хабрег шүүх хуралд дуудахад Сенегал улсад шахалт үзүүлсээр иржээ. Бельги улсын шүүхээс 2005 онд Хиссен Хабрег хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн болон эрүүдэн тамласан хэрэгт буруутган шүүсэн боловч Сенегал түүнийг хүлээлгэн өгөхөөс татгалзаж байсан гэнэ.
Х.Мөнхзул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)