Монголын татамид тавтай морил, GRAND PRIX


Олон улсын жүдо бөхийн холбооны тэмцээн, уралдааны албан ёсны хөтөлбөрт “Ulaanbaatar grand prix” тэмцээн нэмэгдэж тамирчид маань эх орондоо олон улсын бөхчүүдтэй зодоглон туршлага солилцох боломжтой болсон. “Дэлхийн цом”, “Гран- при”, “Их дуулга” гээд хамрах хүрээ, зэрэглэлийн хувьд харилцан адилгүй олон улсын чанартай тэмцээн жилийн турш үргэлжлэн болдог. Манай улс дөрвөн жилийн өмнөөс тэдний эгнээнд нэгдэж, нийслэл Улаанбаатар хотноо жүдо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээнийг зохион байгуулах болсон билээ. Тэгвэл “Гран-при” ангилалд багтах чансаа өндөр “Ulaanbaatar grand prix” тэмцээн удахгүй манай улсад болох гэж байна. Олон улсын жүдо бөхийн холбооноос тэмцээнийг зэрэглэл ахиулах боломж олгосны дагуу Монголын жүдо бөхийн холбоо энэ сарын 13, 14-нд тус тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон юм. Одоогоор тэмцээнд оролцох тамирчдын нэр албан ёсоор гараагүй байгаа. Зохион байгуулагч орны хувьд манай баг, бүрэлдэхүүн эрэгтэй, эмэгтэй нийт 14 жингийн ангилалд тус тус дөрвөн тамирчнаа сойх эрхтэй. Үүнээс гадна энэхүү тэмцээн нь Монгол Улсыг дэлхийд сурталчлах томоохон хүчин зүйл болох юм. Тэмцээнийг ESPN, Star sports, Eurosport, ОХУ-ын “Россия-2” болон Японы спортын суваг шууд дамжуулан үзүүлэх ажээ. “Grand prix”-ийг зохион байгуулах эрхийн төлөө Монголын жүдо бөхийн холбоо Таивань, Таиланд, Хонконг, Макао зэрэг Азийн өндөр хөгжилтэй орнуудтай өрсөлдсөн юм. Улс орны хөгжлийн төвшин, дэд бүтэц, нөөц бололцооны хувьд дээрх орнуудтай харьцуулшгүй боловч манайд энэ эрхийг олгосон нь Монголын жүдочдын амжилт жүдогийн ертөнцөд ямар үнэ цэнэтэй, ямархуу төвшинд явааг нотолж байгаа гэлтэй. Олон улсын жүдо бөхийн холбооны дүрмийн дагуу цуврал тэмцээнүүд, мөн тив, дэлхийн аваргад үзүүлсэн амжилтаар чансааны оноо цуглуулж байж олимпийн эрхээ авдаг. “Гран-при” тэмцээн нь “Дэлхийн цом”-оос зэрэглэл өндөр бөгөөд түрүү бөх чансааны 300, мөнгөн медалийн эзэн 180 оноо авна. Мөн хүрэл медалийг 120 оноо дагалдах ажээ. “Ulaanbaatar grand prix” чансаа өндөр тэмцээн тул тив, дэлхийд данстай шилдэг тамирчид Монголд хүрэлцэн ирж зодоглоно. Тэмцээнийг зохион байгуулах ажилд Олон улсын жүдо бөхийн холбооны тусгай баг биечлэн оролцож ажиллахаар болжээ. Харин манай улсын хувьд энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулснаар цаашлаад залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ч нутагтаа зохион байгуулах их ажлын бэлтгэл болж байгаа юм. Тиймээс тэмцээнд оролцох баг, бүрэлдэхүүндээ амжилт хүсье.


Б.СЭЛЭНГЭ



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)