Гаж донтонгоос айсан хохирогчид анх удаа ярилцлага өглөө

Гаж донтон Ариэль Кастрогийн хорионд 10 жилийг өнгөрүүлсэн хохирогч бүсгүйчүүд анх удаа ярилцлага өгсөн байна. Бүсгүйчүүд хүмүүст талархалаа илэрхийлээд тэдний сайхан сэтгэлийн хандиваар цугларсан мөнгө өөрсдөд нь хөл дээрээ босоход нь тусалсан гэдгийг нэмж хэлжээ. “Надад болон манай гэр бүлд энэ хүнд хэцүү сорилтыг даван туулахад тусалсан бүх хүнд баярлаж талархсанаа илэрхийлмээр байна. Та бүхний хайр энэрэл, сайхан сэтгэлд баярлалаа” хэмээн Аманда Берри “CNN” телевизэд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Тэрээр 2003 онд 14 настайдаа гаж донтон Ариэль Кастрогийн золиос болсон юм. Хорионд байх хугацаандаа Берри охиноо төрүүлсэн бөгөөд одоо зургаан настай юм байна. ДНК-гийн сорилоор охины эцэг өнөөх гаж донтон болох нь батлагджээ. “Та бүхний хайр халамж, сэтгэл санааны болон эд хөрөнгийн дэмжлэг үзүүлсэн явдал баярлалаа. Энэ нь бидэнд амьдралаа шинээр эхлэхэд тусалсан. Би сайн байгаа. Би тамд байж байгаад эргэж ирсэн. Магадгүй тамыг инээмсэглэн туулж гарахад сэтгэлийн тэнхээ дутагдаж байсан байх. Харин одоо би толгойгоо бардам өргөж, хөл дээрээ бат зогсч чадаж байна” хэмээн Мишель Найт ярилцлагадаа өгүүлсэн байна. Түүнчлэн Джина Дехесус, Аманда Берри нар ч тусламжийн гараа сунгасан сайхан сэтгэлт хүмүүст талархалаа илэрхийлээд цаашид ч тэдний хувийн амьдралыг нь хүндэтгэн үзээсэй хэмээн хүсээд “Бидэнд хугацаа хэрэгтэй байгаа” хэмээн Аманда Берри хэлжээ. Гаж донтны золиос болсон тэдэнд туслахаар байгуулагдсан санд нэг сая гаруй доллар цуглараад байгаа юм байна. Түүнчлэн одоогоор Кливлендын шоронгийн удирдлагууд Ариэль Кастрог өөрийгөө егүүтгэхээс сэрэмжилж байнгын хяналтанд байлгаж байгаа аж. Харгалзагчид 10 минут тутамд хоригдлыг юу хийж байгааг нь шалгаж, тусгай дэвтэр ч тэмдэглэл хөтөлж байгаа аж.
Ихэнх бичлэгүүд нэгэн хэвийн буюу “хивсэнцэр дээр амарч байна”, “хоол идэж байна”, “усанд цай найруулж байна” гэж байсан бол зарим нэг бичлэг нь хачирхалтай байжээ. Учир нь сэжигтэн өрөөндөө үргэлж чармай нүцгэн холхидог гэнэ. Ариэль Кастрог тавдугаар сарын зургаанд гэртээ 10-аад жилийн өмнө, өсвөр насны охид байхдаа ор сураггүй алга болсон Мишель Найт, Аманда Берри, Джина Дехесус нарын бүсгүйчүүдийг гэртээ хорьж байгааг олж илрүүлэн баривчилсан билээ. Түүнийг жирэмслэлтийг хүчээр таслан зогсоосон, хүн хулгайлж, хүчирхийлсэн гэх мэт 329 зүйл ангиар буруутгаад байгаа бөгөөд шүүхийн анхан шатны сонсгол долдугаар сарын 24-нд болох ажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)