
Дэлхийд алдартай Италийн загвар зохион
бүтээгч Доменика Дольче, Стефано Габбана нар Милан хот дахь дэлгүүрүүдээ
гурав хоногийн турш хаах шийдвэр гаргажээ. Тэдгээр дэлгүүрүүдийн
үзүүлэнгийн цонхонд байрлах бараа бүтээгдэхүүндийг хурааж, оронд нь
“дургүйцлээ илэрхийлж байна” гэх утгатай хуудаснуудыг дэлхийн олон орны
хэл дээр бичиж наажээ. Тэдний ийнхүү эсэргүүцлийн арга хэмжээ
авах болсон шалтгаан нь Милан хотын нэгэн нөлөө бүхий нийгмийн зүтгэлтэн
Франко Дальфонсын олон нийтэд хандан хэлсэн үгтэй холбоотой аж.
Тэрээр “Биднийг татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдүүд төлөөлөх ёсгүй”
хэмээн хэлжээ. Гэхдээ Дольче, Габбана нар ердөө Милан дахь есөн
дэлгүүрээ л хаасан аж. Гэхдээ тэд “сул зогсолтын” үеийн цалинг
дэлгүүрүүдийнхээ нийт 250 ажилчдад олгох болно гэсэн яриа гарч байна.
Алдарт “Dolce&Gabbana” брэндийг үндэслэгчид сүүлийн хэдэн жилийн
турш Италийн татварын болон шүүхийн байгууллагуудын анхаарлыг ихээхэн
татах болсон. Мөрдлөгийн явцад тэд 2004 оноос Люксенбургийн вант улсад
“Dolce&Gabbana Luxemburg sarl”, “Gado sarl” нэртэй хоёр компанийг
үүсгэн байгуулж түүгээрээ санхүүгийн тайлангаа нуун дарагдуулж, татварын
хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь илэрсэн бөгөөд Итали улсад нэг
тэрбум орчим еврогийн татвар төлөөгүй байжээ.
Сэтгэгдэл (0)