Д.Мөнхтуяа: Манай эмэгтэй тамирчид хутгах, шахаж татах мэхээр илүүрхэж байсан

ОХУ-ын Казань хотноо болж өндөрлөсөн дэлхийн таван тивийн оюутан тамирчдын 27 дахь удаагийн Универсиад наадмаас Монголын баг гурван алт, зургаан мөнгө, 16 хүрэл, нийт 25 медаль хүртсэн билээ. Ингэснээр Монголын оюутан тамирчид медалийн чанар, тоогоор дэлхийн 166 орноос 19 дүгээр байрт бичигдсэн юм. Манай баг тамирчдын алтан медалийн салхийг бүстэй барилдааны +100 кг жинд өрсөлдсөн Б.Сугаржаргал хагалсан бол боксын алтан медалийг эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдсөн залуу тамирчин Х.Энхдэлгэр хүртэж, аваргаар тодорсон. Харин чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Лондоны олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэг “Казань-2013” Универсиадын гурав дахь алтан медалийг эх орондоо авчирсан. Оюутны олимпоос дээд тал нь хоёр алтан медаль хүртэж байсан монгол тамирчдын амжилт Казань хотноо ийнхүү шинэчлэгдсэн түүхэн үйл явдал болсон юм. Ингээд ОХУ-ын Казань хотноо болсон оюутны Универсиад наадмын бүстэй барилдааны 76 кг-ийн жинд барилдаж хүрэл медаль хүртсэн МУБИС-ийн оюутан Д.Мөнхтуяатай цөөн хором ярилцлаа.

-Бүстэй барилдаан өмнө нь Универсадын төрөлд ордог байсан юм уу. ОХУ-ын үндэсний барилдаан биз дээ?
-Бүстэй барилдаан бол ОХУ-ын үндэсний барилдаан. Зохион байгуулагч орны хувьд давуу эрхээ эдэлж энэ төрлийг оруулсан. Бүстэй барилдааны төрөлд манайхаас 15 тамирчин оролцоод нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн.

-Бүстэй барилдаан ямар дүрэм журамтай вэ. Манайд харьцангуй сүүлд хөгжиж байгаа барилдааны нэг төрөл байх?
-Энэ барилдаан нь хав дөрвөлжин золгож, бүс тавихгүй барилддаг. Гурван удаа бүс тавих юм бол торгоно. Баруун золгоод л бүс тавихгүй барилдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бүс тавихгүйгээр хутгах, тонгорох, шидэх мэх хийж оноо авна гэсэн үг. Нисэлттэй шидвэл цэвэр оноо буюу хоёр оноо авна. Нийт дөрвөн минутын хугацаатай барилддаг. Энэ барилдаанаар манай улс сүүлийн хоёр жил хичээллэж байгаа. Өнгөрсөн жил болон энэ жилийн Оюутны улсын аваргад энэ төрлөөр орсон. Универсиадад энэ төрөл орохоор заасан учраас бид хоёр жилийн өмнөөс бэлтгэл хийсэн.

-Оюутны улсын аваргад 30 гаруй мянган оюутан хүч, оюун ухаанаа уралдуулж тэргүүлсэн тамирчид Универсадад оролцох эрх авсан. Таны хувьд ямар шалгуураар оюутны олимпод оролцох эрх авсан бэ?
-Би өмнө самбо, жудогоор хичээллэдэг байсан. Энэ нь бүстэй барилдааны төрөлд зодоглоход дөхөм болсон. Оюутны улсын аваргад оролцоод энэ төрөлдөө тэргүүн байр эзэлж, Универсиадад оролцох эрхээ олж авсан. Тэмцээнд амжилттай барилдахын тулд нэг жилийн хугацаанд уйгагүй бэлтгэл хийсэн дээ.

-Нийт хэдэн барилдаан хийсэн бэ. Өрсөлдөгч тамирчид хэр хүчтэй байв? 
-Би гурван барилдаан хийсэн. Эхний барилдаанд Белорусын бөхиийг, хоёр дахь  арилдаанаар Тажгистаны бөхийг ялаад ОХУ-ын бөхөд ялагдсан. Ер нь Универсадад ОХУ-ын тамирчид үнэхээр илүү байсан. Арга ч үгүй биз өөрийн орны үндэсний барилдаан болохоор. Оросууд шидээ мэх сайн хийдэг. Би ч мөн адил энэ мэхэнд нь орсон.

-Тэгвэл манай тамирчид бүстэй барилдаанд ямар мэхээрээ давуу онцлогтой барилддаг вэ?
-Манай тамирчид бол шахаж татах, хутгах, босоо байдлаас мэх хийхдээ сайн байсан. ОХУ зохион байгуулагч орны дэвжээ гэдэг утгаараа хөгжөөн дэмжигчид үнэхээр сэтгэл зүйд нөлөөлж байсан. ОХУ-ын тамирчинтай барилдах үед хөгжөөн дэмжигчдийн тэр сүрдмээр байдал үнэхээр сэтгэл зүйд нөлөөлж айж, сандрах байдал гарч байсан. Бусад орны тамирчидтай бол харьцангуй зоригтой барилдсан.

-Хэн багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаасан бэ?
-МУБИС-ийн спорт заланд Болд-Эрдэнэ багш биднийг бэлтгэсэн. Харин тэмцээнд Шийрэв, Бат-Амгалан багш авч явсан. Бүстэй барилдааны цэвэр оноо нь ерөөсөө л шидэх мэх байдаг. Манайхан нуруугаар бага учраас шидэхээсээ хальшраад байсан. Уг нь бол хав золгочихсон байрлалаас шидэхэд хялбар байдаг. Нийт зургаан оноогоор цэвэр ялдаг. Нэг удаа шидэж дээш харуулахад хоёр оноо авна, нийт гурван удаа шидэж дээш харуулж байж ялна гэж ойлгож болно.

-Тэгэхээр оросын тамирчинд гурван удаа шидүүлж ялагдал хүлээсэн байна. Одоо дэлхийн аваргад ямар арга барилаар барилдана гэсэн бодолтой байна вэ?
-Универсиадад би жин нэмж орсон. Тиймээс өрсөлдөгч бөх маань том биетэй байж таарна. Энэ нь хамгаалж барилдахад хүндрэлтэй байсан. Сая нэмэх 76 кг-ын жинд барилдсан. Одоо дэлхийн аваргад хасах жинд барилдана. Дэлхийн аваргад тонгороо, хутгаа, шидэх мэх хийхээр бодож бэлтгэлээ хийж байна. Өөрөө Универсиадад хэд хэдэн удаа шидүүлсэн хүн чинь, дэлхийн аваргад шидэх мэхээр өрсөлдөгчөө буулгаж авна гэсэн бодолтой байгаа. /инээв/


Б.ЦЭЦЭГДЭЛГЭР



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)