Жулиан Ассанж Америкийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна
- 2013-08-01
- Дэлхий
- 0
Өнөөдөр АНУ-д Пентагоны нууц баримт бичгийг “Wikileaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжад дамжуулсан байлдагч Брэдли Мэннингийн ялын тогтоолыг уншиж танилцуулна. Тэрээр хуулийн 10 гаруй зүйл ангид буруутай болох нь тогтоогдсон.Цэргийн албан хаагчийг тагнуул хийсэн таван зүйл анги, хулгай хийсэн мөн таван зүйл анги, компьютерийн луйвар болон бусад зүйл ангиар буруутган шүүж байгаа юм. Ийнхүү Мэннингид 136 жил хүртэл эрх чөлөөгөө хасуулах ял оноож магадгүй байгаа аж. “Wikileaks” сайтын үндэслэгч Жулиан Ассанж Америкийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.
Тэрээр Мэннинг энэ үйлдлээрээ зөвхөн АНУ-ын Засгийн газрын бардам байдлыг л шархлуулсан, өөр юунд ч буруугүй гэжээ. Түүнчлэн байлдагч Брэдли Мэннингийг суллуулахаас нааш “Wikileaks” санаа амрахгүй хэмээн мэдэгдсэн аж.
Сануулахад Өрэдли Мэннингийг 2010 оны тавдугаар сард баривчлан саатуулсан. Мөрдөгчдийн үзэж буйгаар тэрээр 2009 оны сүүлээс 2010 оны эхэн хүртэлх хугацаанд АНУ-ын цэргийн хамгаалагдсан сүлжээнээс хэдэн мянган нууц материал татан авч, Жулиан Ассанжад өгсөн ажээ.

Сэтгэгдэл (0)