Африкийн ринг дээр юань илүүрхэж байна

Африк тив урьдын адил дэлхийн улстөрөөс ангид оршсон хэвээр. Дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн эхний нүүрэнд хааяахан л дотоод асуудлын сэдэвтэй мэдээ нийтлэгддэг. Гэвч сүүлийн хэдэн жилийн турш тэнд нууцлагдмал тэмцэл өрнөж буйг дэлхий дахин анзаарч байгаа болов уу.

Социалист Хятад өөрийн эзэмшлийн бүс нутгаа өргөтгөхийн тулд заавал дайтах шаардлагагүй. Тус улс урт хугацааны стратеги төлөвлөлтийнхөө дагуу эдийн засгийн аргаар орон нутгийн нөхөрсөг эзэмшил бий болгож, тэрбум давсан хүн амаа аятайхан шиг байршуулах зорилготой. Африк тивийг өөрийн болгох төлөвлөгөөт ажлаа 2006 оны 10-дугаар сараас эхлүүлсэн гэж болно. Тухайн үед Бээжин хотноо Хятад-Африкийн хамтын ажиллагааны түүхэн форум болж, Африкийн орнуудын 50 гаруй удирдагч, бүрэн эрхт төлөөлөгч хүрэлцэн ирж, Ази тивийн хүчирхэг гүрэнтэй улстөр, соёл, эдийн засаг хөгжлийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа баталгаажуулсан. Энэхүү уулзалтаас хоёр жилийн дараа Хятадын удирдагч Ху Жиньтао Африкийн найман оронд 12 өдрийн албан айлчлал хийж, Африкт үзүүлэх тусламжийн гараа гурван тэрбум ам.доллараар үнэлсэн. Хятад улс өмнөх гурван тэрбум ам.долларын зээл, гадаад худалдаанд зориулан зээлсэн хоёр тэрбум ам.доллартай нийлэн нийт найман тэрбум ам.долларын санхүүгийн шууд нөлөөг зөвхөн улстөрийн хөрөнгө оруулалт болгон хуваарилсан. Улстөрийн хүрээнд үзүүлсэн энэ томоохон хөрөнгө оруулалтаас гадна Хятадын хувийн хөрөнгөтнүүдийн шугамаар илгээсэн хоёр тэрбум орчим ам.долларын тусламж ч бас бий. Гэтэл 2012 оны долдугаар сард Хятад Африкийн орнуудад дахин 20 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийг гурван жилийн хугацаатай олгох санал тавьсан юм. Энэхүү томоохон, өгөөмөр хөрөнгө оруулалтыг АНУ болон барууны бусад орны санхүүгийн нөлөөллийн хэмжээтэй харьцуулашгүй нь тодорхой. Хамгийн өгөөмөр загналаа гэхэд л хэдхэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалт яригддаг болохоор тэр.
    Африкийн орнуудтай хийсэн Хятадын барааны эргэлт 2011 онд 166 тэрбум ам.доллар хүрч өссөн бол Хятадад гаргасан Африкийн экспорт сүүлийн 10 жилд 5.6-аас 93 ам.доллар болтлоо өргөсчээ. Энэ бүхнийг дүгнэхэд АНУ хуучин Африк тивийг колончилж байсан орны хувьд голлох нөлөөллөө алдах вий гэсэн түгшүүрээ мартсан мэт. Олон төрлийн ашигт малтмал, нефть, алмас эрдэнийн нөөц ихтэй газар нутаг хяналтаас нь гарч байхад шүү. АНУ-ын нефтийн хэрэгцээний 40 хувийг Нигер улс дангаараа хангадаг гэдгийг л дурьдахад хангалттай. Гэтэл тэр улстай нь Бээжин эрчимтэй хэлэлцээр өрнүүлээд байгаа. АНУ Афганистан болон Иракт багагүй анхаарал хандуулан төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулахынхаа хажуугаар Африк тивд Хятадтай эдийн засгийн өрсөлдөөн хийж арай л амжихгүй байгаа бололтой. Яг одоогийн байдлаар Вашингтон Африкийн удирдагчдыг хөрөнгөөр “зодож” Бээжингээс илүүрхэх тал дээр арай л ядмаг байна. Тиймдээ ч АНУ-ын захиргаа бусад тохиолдолд гаргадаг шигээ башир аргаа хэрэгжүүлэхээ ч мартаагүй. Яг л энэ зорилгоороо 2007 оны сүүлээр АНУ-ын африк цэргийн удирдлагыг /AFRICOM/ бий болгож, тус тив дээр цэргийн хүчнээ бэхжүүлсэн. Энэхүү удирдлагын гол даалгавар нь цэргийн зохион байгуулалт бүхий гол хүчин байж, Африкийн орнуудад хүчирхэгжээд буй Хятадын улстөр, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, шаардлагатай тохиолдолд сөргөөцөлдөх зарчимтай. Африкт цэргийн хүчнээ байгуулах төлөвлөгөөнд тухайн үеийн Ерөнхийлөгч Жорж Буш гарын үсэг зурж баталгаажуулсан нь Африк тивд дипломат ялалт байгуулаад байсан Хятадын хувьд шууд хариулт болж анхаарал татаж байсан. Америкчууд цэргийн хүчний байгууламжийнхаа үндсэн зорилгыг тэгтлээ нууцлаад байдаггүй.
    Тухайлбал, АНУ- ын Батлан хамгаалах яам, Төрийн департаментын зөвлөх, доктор Ж.Фам, “Африкийн байгалийн нөөц баялаг бол Хятадын хувьд дур татам зорилго болох нь мэдээж. Хятадын эдийн засаг жилд есөн хувиар нэмэгдэж байгаагийн сацуу нефтийн хязгааргүй хэрэглээ шаардагдаж буй орон. Тиймдээ ч бид Африкийн орнуудын бусад нөөц баялгийг ашиглах хөнгөлөлт, давуу эрхийг Орос, Хятадын аль нь ч эдлэх ёсгүй гэдэг дээр анхаарах ёстой” хэмээн нээлттэйгээр мэдэгдэж байсан. Вашингтон иймэрхүү болон бусад бүх нөхцөл байдалд терроризмтэй тэмцэх шаардлагатай гэсэн хуурамч баг зүүн сүүлийн 15 жилийн турш хувийн сонирхлоо гүйцэлдүүлж байгаа. Ойрхи Дорнод болон Пакистанд Америкийн армийн нөлөө хэрхэн хутгалдсан шиг зүйл л Африкт давтагдах вий. Терроризмтой тэмцэх нэрийдлээр стратеги зорилгоо хэрэгжүүлж буй АНУ угсаатан хоорондын дайныг өдөөж, нэг шашинтнуудыг хагаралдуулан, өөр хооронд нь үзэн ядуулж байгаа бус уу. Хамгийн сүүлд Малид болсон дайн, Нигер дэх тулаан зэрэг нь АНУ болон тэдний хамсаатнууд асуудлаа Африкт хэрхэн шийдвэрлэхийн тод жишээ болсон. Хятадын эдийн засгийн томоохон сонирхол хаашаа чиглэнэ тэр зүгт террорист бүлэглэл бий болдог гайхалтай жишиг тогтсон ч юм шиг. Гэхдээ тэд нар нь мэдээж АНУ биш л дээ. Африкийн төлөөх тулаанд улстөр-эдийн засгийн холбогдолтой бүх хүчин зүйлсийг авч үзэн нягталбал тэд ялагдах нь гарцаагүй. Гэхдээ Вашингтоны гадаад улстөрийн стратеги төлөвлөгөө хэрэгжиж эхэлбэл, юу болохыг тааварлашгүй.


 Ц.МӨНХЖАРГАЛ


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)