Б.Обама: Би Путинтай муугүй харилцаатай шүү

АНУ-ын Ерөнхийлөгч өчигдөр Цагаан ордонд хэвлэлийн бага хурал хийжээ. Тэрбээр АНУ, ОХУ-ын харилцааг маш ирээдүйтэй, сайхнаар төсөөлөн боддогоо хурлын үеэр онцолсон байна. Обама Москватай үүсээд буй таагүй нөхцөл байдлын талаар, “ЗСБНХУ задарсны дараа АНУ, Оросын харилцаанд үргэлж л ямар нэг зөрчилдөөн байсаар ирсэн. Нэгэн салбарт хамтрахад бусдад нь өрсөлдөх гэх мэт. Гэхдээ Медведевийг Ерөнхийлөгч байх үед бид олон зүйл дээр дэвшилттэйгээр хамтарч байсан. Тухайлбал, Афганистан дахь хамтын ажиллагаа, Оросыг Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлсэн зэргийг онцолж болно” хэмээн дүгнэжээ. Харин Ерөнхийлөгч В.Путины тухайд, “Хүйтэн дайны үеийн хуучин хэвшмэл зүйлсээс мэдрэгддэг учир Путиныг ийм хийсвэрлэлээс ангижраасай хэмээн хүсдэг” хэмээн тодорхойлжээ. Гэхдээ Оросын тэргүүнтэй тийм ч таагүй харилцаатай биш гэдгээ эцэст нь онцолсон байна. Тэрбээр ирэх есдүгээр сард болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө Москва хотноо төлөвлөгдсөн байсан АНУ, Оросын хоёр талт хэлэлцээрээс татгалзсан шалтгаанаа Орост орогнох эрх авсан Э.Сноудений хэрэгтэй хамаатай ч олон шалтгааны нэг нь л байсан хэмээн тайлбарласан байна. Сирийн асуудалд Оросын хүний эрхийг зөрчиж буй байр суурь ч бас хамааралтай гэдгийг ч Обама онцолсон аж. “Эдгээр олон шалтгаан биднийг харилцаандаа түр завсарлага авч, дахин өөрөөр сэтгэх боломж олгож байгаа” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч онцолжээ. Тэрбээр “Хэрвээ хоёр орон хамтран ажиллавал тус бүрийн ард түмнийхээ төлөө илүү ихийг хийж чадахаас гадна харилцан бие биендээ туслах боломж байгаа гэдгийг Оросын удирдлагууд ойлгоно” гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)