Иракчууд цуст Рамадан сарыг үдлээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд лалын ертөнцийнхөн ариун Рамадан сарын төгсгөлийг тэмдэглэн баярласан. Гэвч баярын үеэр Багдад хотын хэд хэдэн дүүрэгт тэсрэх бөмбөг бүхий автомашин дэлбэрсний улмаас 60 гаруй хүн амиа алдсан тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлжээ. Тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн автомашинууд хотын хүн ард ихээр оршсон худалдааны зах, ресторан, кафе болон шашны баяраа тэмдэглэж буй хүн олонтой гудамжаар сэлгүүцэн давхиж байгаад халдлага үйлдсэн байна. Мөн Багдад хотоос гадна тус улсын хойд бүсэд орших Туз-Хурмату хотод болсон дэлбэрэлтэд өртсөн 25 хүн амиа алдаж, хэдэн арван хүн хүнд шархаджээ. Уг дэлбэрэлтийг мөн л тэсрэх бөмбөг тээвэрлэсэн автомашинаар үйлдсэн аж. Тус улсад сүүлийн сарын хугацаанд гэнэтийн халдлага, хүчирхийлэл эрс өссөн бөгөөд хохирогч нь ихэвчлэн жирийн иргэд байгаа нь харамсалтай юм. Энэ удаагийн Рамадан сарыг сүүлийн таван жилийн хамгийн аймшигт цуст сар хэмээн тоймчид нэрлэсэн байна. Учир нь зөвхөн өнгөрсөн сарын хугацаанд гэмт халдлагын золиос болж 670 гаруй хүн хорвоог орхилоо. Дэлбэрэлтийн үндсэн шалтгааныг шиит, суннит гэх хоёр бүлэглэлийн хоорондох сөргөлдөөнтэй холбоотой гэж ажиглагчид дүгнэдэг. Суннитуудын дүгнэснээр, Ерөнхий сайд Нури Малик тэргүүтэй шиитүүдийн Засгийн газар хэт их ялгаварлан гадуурхах үзэл гаргадаг нь тэдний эгдүүцлийг төрүүлдэг гэнэ. Суннитууд Саддам Хусейны удирдлагын үед Иракийн төрийн бүтцэд давуу эрхтэйгээр, гол байр суурь эзэлдэг байсан. Гэвч Америкийн цэргүүд Иракт довтлон, Хусейны эзэрхийлэл бүтэлгүйтсэний дараа суннитууд хэн ч биш болон бүхий л байр сууриа шиитүүдэд алдсан билээ. Зөвхөн энэ жилийн тоон үзүүлэлтээс харахад, он гарснаас хойш Ирак дахь сөргөлдөөн, гэмт халдлагын дүнд дөрвөн мянга гаруй хүн амь эрсдэж, 10 мянга орчим хүн шархадсан байна. Эдгээрийн дийлэнх хохирол Багдад хотноо тэмдэглэгджээ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (124.158.107.4)

    2013-08-12

    Улстөрфорум.ком Таны мэдээллийн орон зай, нийгэм цаг үеийн мэдээ, мэдээллийг хуваалцаарай