Д.Кэмерон Сочигийн Олимпийн бойкотыг эсэргүүцэв

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон жүжигчин Стивен Фрайгийн “Сочи- 2014” Олимпийн наадмыг эсэргүүцсэн уриаг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн тухай “Би-Би-Си” мэдээлжээ. Тэрбээр, “Ижил хүйстнүүдийн талаар хэвлэн нийтлэхийг хориглосон Оросын хуулийг эсэргүүцэж буй С.Фрайг ойлгож байгаа хэдий ч Олимпийн наадмыг бойкотлоно гэдэг утгагүй зүйл хэмээн онцолсон байна. С.Фрай ижил хүйстэн, трансжендер, бисексуалистүүдийн эрхийг зөрчиж буй Оросын нийгэмлэгийн шийдвэртэй холбогдуулан Сочи хотноо болох 2014 оны Олимпийн наадмыг эсэргүүцэж байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарласан. Тэрээр ийм мэдэгдэл гаргасныхаа дараа Их Британийн Ерөнхий сайд болон Олон улсын Олимпийн төв хорооны тэргүүн Жак Рогге нарт нээлттэй захидал бичин хандсан юм. Фрай нийгмийн эмзэг бүлгийнхэнд гаргаж буй Оросын хатуурхлыг 1930-аад оны үндсэрхэг Германы нөхцөл байдалтай жишин бичсэн аж. Гэвч түүний эсэргүүцлийг Кэмерон дэмжихгүй байгаагаа илэрхийлээд, Олимпийг бойкотлох бус харин ч түүнд оролцох нь зүйтэй хэмээн С.Фрайгт бичсэнээ “Твиттер” дэх өөрийн блогтоо байршуулжээ. С. Фрай нь өөрийгөө ижил хүйстэн хэмээн нийтэд зарласан нэгэн. Энэ жил Оросын эрх мэдэлтнүүд насанд хүрээгүйчүүдийн дэргэд ижил хүйстнүүдийн талаар хэвлэн нийтлэхийг хориглох шийдвэрийг хуулиндаа тусгасан. Тэрбээр энэ хуулийн эсрэг идэвхтэй тэмцэж буй нэгэн юм.
Сэтгэгдэл (0)