Оросууд Горбачевыг тэгтлээ үзэн яддаг гэж үү

Германы улстөр-мэдээллийн “Der Spiegel” сэтгүүл ийм гарчигтай нийтлэлийг гол материалаа болгон нийтэлжээ. Оросын хэвлэлүүд М.Горбачевийн талаар байнга л шүүмж нийтлэл, түүнийг нас барсан гэсэн худал цуурхал гаргаж байдаг нь харийн нийтлэгчдийг ийм асуудал дэвшүүлэн бичихэд хүргэжээ. Нийтлэлийг “Харь хэвлэл” цахим хуудсынхны сийрүүлснээр хүргэе.

Москва-Михаил Горбачевийн бие ямархуу байгаа юм бол. Тэр эмнэлэгт хэвтэж байгаа юм болов уу аль эсхүл хэдийнэ энэ хорвоог орхисон юмуу? Зөвлөлтийн Ерөнхийлөгч асан нас барсан тухай ээлжит таагүй мэдээлэл тархлаа. Гэтэл уг мэдээлэл бас л ташаа байв. Өнгөрөгч лхагва гаригийн үдэш Москвагийн мэдээллийн агентлаг “РИА Новости” өөрийн “Твиттер” хуудасны герман хэлээр гардаг микроблогтоо М.Горбачев таалал төгссөн тухай мэдээлэл гарган олны анхаарлыг татаад авав. Мэдээж энэ нь бас л ээлжит сенсаци байсан юм. Энэхүү мэдээллийн дагуу манай сурвалжлагч Горбачевийн ойрын хамтрагчаас тодруулахад, “Эсэн мэнд, амьд байлгүй яахав дээ. Артерийн даралт нь 150/90-тэй хэвийн, харин сахарын хэрэглээний хяналтад байгаа. Өдгөө 82 настай гэхэд харин ч хөнгөн шингэн төдийгүй зусландаа амарч байгаа. Ийм хэнд ч хэрэггүй худал цуурхал тарааж ч байх гэж дээ. Горбачев үхэх болоогүй ” гэсэн тайлбарыг өгсөн юм. Энэхүү явдал “РИА Новости” агентлагийн хувьд үнэхээр таагүй зүйл болсон юм. Агентлагийн төлөөлөгчид ташаа мэдээллийг цахим хуудаснаа тавигдсанаас хойш нэг их удалгүй арилгасан хэмээн мэдээлсэн байна. Гэвч хакерууд тэдний арилгасан мэдээллийг сэргээн олноо түгээж чаджээ. Тиймээс агентлагийн удирдлагууд дотоод зохион байгуулалтаа сайжруулах, тусгай албатай хамтран хакерын асуудлаар хувийн мөрдлөг явуулах ажилд анхаарлаа хандуулаад байгаа гэнэ. Гэхдээ Зөвлөлтийн үеийн сүүлийн удирдагчийн талаархи ийм таагүй, ташаа мэдээлэл байнга гардгийг дурьдах нь зүйтэй. Өнгөрөгч зургадугаар сарын туршид ийм ташаа мэдээлэл Орос орноор нэг тархсан. Тэр бүү хэл өнгөрсөн оны тавдугаар сард Горбачевийн үхлийн талаар “Wikipedia” нэвтэрхий толины англи хэл дээрх цахим хуудаснаа нийтлэгдсэн. Эл мэдээлэл асар богино хугацаанд бусад сайтуудаар тархсан төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч дамжуулаад амжсан. Оросууд яагаад Горбачевийг үзэн яддаг вэ? Горбачев иймэрхүү мэдээлэлд тайван ханддаг ч энэ байдал нь хуурмаг байх талтай. Сар болгон шахам өөрийг нь нас барсан тухай ор үндэсгүй шуугиад байхаар 82 настай хүний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлөх үү? Гэхдээ Ерөнхийлөгч асан эдгээр худал мэдээлэл улстөрийн ямар нэг зорилго агуулж буй хэмээн хардаж байгаа аж. Үүнийг ч үгүйсгэх аргагүй. Горбачевийг өдгөө цоо эрүүл хүн гэж болохгүй. Сүүлийн гурван жилийн хугацаанд тэр нойр булчирхай, түрүү булчирхай, сээр нурууны гурван ч хүнд мэс заслыг давж гарсан. Түүний хувьд эдгээр мэс засал хүндээр туссан нь лав. Нас дээрдсэний улмаас түүний амьсгаа байнга давчдах болсон бөгөөд чихрийн шижингийн таагүй үр дагавар ч тавгүйтүүлж байдгийн улмаас байнга эмнэлэгт хэвтдэг. Гэтэл төрөлх орондоо гадуурхагдан илүү үзэгдэх дарамт сэтгэлийн зовлонг улам нэмсээр. Гэхдээ тэр өөрийн улстөрийн карьераа тэс өөрөөр дүгнэдэг юм билээ. “Орсууд таныг яагаад үзэн яддаг юм бол?” гэж манай сэтгүүлч хоёр жилийн өмнө түүнтэй ярилцахдаа асуухад, тэрбээр минут орчим бодлогшрон суусныхаа дараа, “Хүмүүс намайг нас барсны минь дараа л үзэн ядахаа болих байх. Гэхдээ хүмүүс намайг үзэн яддаг гэсэн сэтгэгдэл надад төрдөггүй л дээ” гэсэн байдаг. Гэвч түүний энэхүү сэтгэгдэл буруу гэдэг нь өчигдөр дахин батлагдлаа. Түүний үхлийн тухай ташаа мэдээлэл даруй устгагдсан хэдий ч шүүмжлэгчдийн давалгааг богино хуцгацаанд “үерлүүлж” чадсан юм. Энэ бол түүнийг үзэн ядагчдын давалгаа байсан юм. Улстөрийн жигшил, ил тод зэвүүцэл, санаанд багтамгүй тэнэг доромжлол бүхэн энд байсан. Тухайлбал, өнгөрөгч лхагва гаригт “mail.ru” цахим хуудас Зөвлөлтийн аугаа өөрчлөн байгуулагчид ямархуу эмгэнэл илэрхийлэх тухай хэлэлцүүлэг явуулсан байх юм. Гэтэл дийлэнх орос түүний өөрчлөн байгуулалтыг ЗХУ-ыг өөрчлөн шинэчлэх, нээлттэй байлгах гэж хичээсэн Горбачевийн засаглалын зургаан жил гэж үздэг байна. Хүчирхэг зөвлөлт засаг онцгой шуугиан дэгдээлгүй нуран унасан үеийг Горбачевтай холбодог. Энэхүү задралыг өнөө хэр сэтгэл эмзэглэн боддог оросууд Горбачевт бүх бурууг өгдөг байна. Түүнийг америкчуудын даалгаврыг биелүүлсэн гэж үздэг хүмүүс ч цөөнгүй. “Mail. ru”-гийн интернэт хэлэлцүүлгийн хоёр сэтгэгдэл тутмын нэг нь түүнийг “урвагч” хэмээн тодорхойлсон байх. Тэр ч атугай түүнийг ЗХУ- ыг худалдсан төдийгүй Оросын тэрбумтан Роман Абрамовичоос баян тул үр хүүхдүүд нь ойрын 20 жилд Горбачевийн баян хэтэвчний ачаар гудайхгүй хэмээн бичсэн байх. Шүүмжлэл, доромжлолын давалгаа оросуудын сэтгэлийн “толь”-ийг илэрхийлэв Энэ бүхнээс үүдэн “Улс орон даяараа үзэн ядаад байхад урвагчид ямар санагддаг бол?” гэсэн асуултыг ч зарим нэг нь тавьсан байх. Мөн ард түмэн Горбачевийг шүүхийн өмнө цээрлүүлэх хүртэл тэр амьд байх ёстой гэсэн нь ч байна. Хэлэлцүүлэгт оролцогчдын бичсэн саналаас сонирхуулахад, “Тэр үнэхээр үхээгүй нь ямар их харамсал вэ”, “Түүн дээгүүр уурын машинаар явах хэрэгтэй”, “Горбачев бол еврей”, “Нохой минь аль болох түргэн үх”, “Түүний үхэл ард түмний баяр байх болно”, “Түүнийг оршуулах ёслолд бид авс руу нь нулимах гэж л очно” гэх мэт дэндүү бүдүүлэг, харгис сэтгэгдлүүд дүүрэн байна. Эдгээр таагүй сэтгэгдлүүд дунд “Эрхэм Михаил Сергеевич таныг урт удаан наслахыг ерөөе. ЗХУ гэх асар том хоосон биетийг үгүй хийсэн нь Таны ач” гэсэн ганц эерэг сэтгэгдэл анхаарал татаж байв. Түүний үхлийн талаархи ташаа мэдээлэл төдийгүй эдгээр сэтгэгдэл ч нэг их удалгүй ор мөргүй устгагдсан байсан. Ташаа мэдээлэлд сэтгэгдэл бичих нь хориотой тухай цахим хуудсуудаар мэдээлсэн байв. Гэвч цаг хүрэхгүйн хугацаанд нээлттэй байсан “бяцхан цонхоор” оросуудын зүрх сэтгэлийг тольдоход ийм байлаа. Тэд Горбачевийг хэзээ ч ойлгож байгаагүй болохоор үзэн яддаг.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ard (202.131.231.60)

    2013-08-13

    orosoos busad ard tumen tuund bayarladag...Orosiin gegemonizmiig ustgasan uchir.....