Путин Обамагаас хавьгүй илүү
- 2013-08-14
- Дэлхий
- 0

АНУ, Оросын харилцаанд шинэ хүйтэн дайн өрнөсөн тухай хэвлэлүүд бичиж байна. Гэвч арай ч тийм биш байлгүй дээ. Бид бүхний ажиглаж буйгаар хүчний байр суурь улстөрд ноёрхож буй мэт. Гэхдээ энэ тал дээр Кремль Вашингтоноос илүү арга, чадвартай байна. Хүйтэн дайн дууссан. Бид бүхнийг далан жилийн туршид айдас, түгшүүрт байлгаж байсан тэр дэглэм болон Берлиний хана нурахад хүйтэн дайн дууссан. Хүйтэн дайн хэзээ эхэлснийг тодорхой хэлэх аргагүй. Зарим нэг нь 1917 онд эхэлсэн гэдэг. Тухайн үед большевикүүд меньшевикүүдийг яамдаас хөөн гаргаж, хувьсгалыг хулгайлан, засгийн эрхийг гартаа авсан бөгөөд үүнээс хойш Орос орон “төмөр” гартны удирдлаганд орсон юм. Харин зарим нь 1946- 1948 оны хооронд эхэлсэн гэдэг. Ингэж дүгнэдэг хүмүүс эхний эрин үед ихээхэн ач холбогдол өгдөг. Коммунистууд 1917 онд хөрөнгөтнүүдийг үндсээр нь устгахаар зорьсон төдийгүй ард түмнээ ч золиослон, террорист дэглэмийг үл анзаарагдах хэлбэрээр тогтоохыг эрмэлзсэн. Тэр ч атугай тэд Цагаан ордны дээр улаан туг намирч, хөрөнгөт ертөнц оргүй болсон цагт л тэдний хувьд жинхэнэ ялалт болно хэмээн тунхаглаж байсан. Тэдний хүссэн ийм ялалт ирэх үед дэлхий дахин диваажингийн орон болж, арслан хурга хоёр ч эв түнжинтэй оршиж, хүн төрөлхтөн “нарны хотод” амар амгалан, аз жаргалтай амьдрах байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, хүйтэн дайн бусад ертөнцийн эсрэг цор ганц үзэл суртлын тэмцэл байжээ. Коммунист үзлийн номлох хүчин цаг улирах тусам үгүй болж, эцсийн дүндээ Москваг зөвлөлт хаанчлалаар хамгаалах хүсэл, эрх мэдлийн төлөөх хоцрогдсон зорилготой болсон. Гагцхүү ертөнцийг үзэх үзэлгүйгээр бусад зүйлс утгаа алдсан.
БАС ДАХИН АНАРХИ
Ертөнцийг үзэх энэхүү үзэл нь 1989 он гэхэд бусдыг татах чадвараа алдсанаар коммунист удирдлага, хүйтэн дайн дуусгавар болсон. Тэр үеэс л Америк барууны ертөнцөд тэргүүлэгч үндэстний журмаар байр суурьтай болсон юм. Гагцхүү эл түүхийн төгсгөлд нэгдсэн улсууд үүрд супер гүрэн байх мэт сэтгэгдэл үлдсэн юм. 1989 оны дараа дэлхийн улстөрийн тавцанд хуучны танил дахин гарч ирэв. Тэр урт хугацааны туршид бараг анзаарагдахгүй байсан тул европчууд / тэр дундаа германчууд/ бараг л таньж чадаагүй. Гэсэн хэдий ч тэр оршсоор л байсан. Түүнийг дипломат Юрген фон Альтен 20 жилийн өмнө бичсэн “Энэ бол жирийн анархи” (Die ganz normale Anarchie) номондоо шууд тусгасан байдаг.
ДЭЛХИЙН ГҮРЭН БОЛОХЫГ САНААРХАГЧ ОРОС
Нам гүм байдлаар буцан ирсэн анархи /эмх журамгүй байдал/ өөрийгөө янз бүрээр илэрхийлж байв. Тэдний нэг нь хүчний байр суурийг голлосон улстөр. Өдгөө үүнийг Владимир Путин чадварлаг эзэмшиж буй. Тэр үндсэн орлогоо нефтиэс бүрдүүлдэг олон асуудалтай томоохон дундаж гүрний Ерөнхийлөгч. Түүнээс гадна Орос орон дэлхийн хүчирхэг гүрэн байсан статусаа байнга л эргэн санагалзахын сацуу цөмийн зэвсгийн тал дээр ихэд анхаарч, хуучин дайсан байсан оронтойгоо байнга л сөргөөцөөлдөх хандлагатай байдаг. Иймэрхүү арга барилаар сүйрсэн зөвлөлт засгийн оронд орос засаглал ирсэн гэж ард түмэндээ ойлгуулахыг хичээдэг. Путин одоохондоо америкчуудын хөлийн өсгийг гижигдэж чадсан ч сүүлийн үед шатрын ухаалаг нүүдлээр Барак Обамагийн сул талыг ашиглахыг хичээж байгаа. Америкийн Ерөнхийлөгчийн нүүрээ буруулсан газар бүхэнд Путин эргэлддэг нь үүнийг баталж байгаа хэрэг. Хэд хэдэн жишээ дурьдаж болно. Обамаг газрын дундад тэнгисээс хөлөг онгоцуудаа эргүүлэн татсаны дараа Путин тус бүс нутаг уруу цэргийн хөлөг онгоцуудаа илгээсэн. Обама Сирийн Ерөнхийлөгчтэй хэрхэхээ мэдэхгүй тээнэгэлзэж байхад Путин Асадын талд орж байр сууриа бэхжүүлсэн. Түүгээр зогсохгүй тэрбээр С-300 загварын пуужингийн цогц төхөөрөмжийг Дамаск уруу илгээсэн гэсэн.
ПУТИНЫ ЧАДВАРУУД
Орос 1989 оноос хойш Ойрхи Дорнодод чухал байрь суурь эзлэхээ больсон. Гэхдээ өнөөдөр америкийн улстөрийн ачаар тус бүс нутагт гайгүй нэр хүндтэй болж байгаа төдийгүй найдвар төрүүлэгч нь болоод байна. Түүнээс гадна Орос АНУ-ын эсрэг нэгдэж чадах холбоотнуудыг дэлхий даяар эрэлхийлсээр. АНУ-г жижигрүүлж, өөрийгөө томруулах чин хүсэл л Орост байна. Улстөрийн хүчирхэг байдлын ийм байр суурь хэнд ч ойлгомжтой байна. Жинлүүр дээрх хоёр зүйлийн нэг нь жингүйдэж, нөгөө жингээ нэмэхийн тулд улам ихийг хүсч буй дүр зургийг эндээс харж болно. Эдвард Сноудены хэргийг ч Оросын тал өөр хувилбараар шийдвэрлэж болох байсан. Гэвч Ерөнхийлөгч Путин харилцагч талынхаа өчүүхэн хазайлтад ч хүйтэн сэтгэлээр хандаж, өөрийн байр сууриа өргөхийн тулд ийм боломжийг ч алдалгүй ашигласан. Иймэрхүү байдал цаашид ч үргэлжилнэ. В. Путин өөрийн европ холбоотнуудаа нэг их үнэлдэггүй мөртлөө Б.Обамаг Чех болон Польшид пуужингийн эсрэг байгууламж суурилуулах НАТО-гийн шийдвэрээс үэдэслэлгүйгээр татгалзсан дорой нэгэн хэмээн дүгнэсэн. Гэхдээ улстөрийн давхаргад Москва ахуйн хүчний талаасаа хязгаарлагдмал гэдгийг санах нь зүйтэй.
БОДИТ УЛСТӨРД БУЦАЖ ИРСЭН НЬ
Харин Америкт юу болж байна? Обама саяхныг хүртэл төгс ба бодит гадаад улстөрийн хооронд хэлбэлзсэн. Тэрбээр дэлхийн эдийн засгийн хямралын үеэр Вашингтон зарим нэг хямралаас зайлсхийж, хол байх чадвартай хэмээн дүгнэсэн. Гэвч хүүхдийн гэмээр гэнэн итгэлд тулгуурлах аргагүй том, хүчирхэг гүрэн болохоор нүдээ аниад хэнд ч анзаарагдахгүй байх аргагүй. Обамагийн хэлбэлзэл Америк зарим нэг асуудлаас хол оршдог гэсэн сэтгэгдэл төрүүлж байсан ч тэдэнтэй холбоотой хэвээр үлддэг. Ерөнхийлөгч Обамад хаягласан шүүмжүүдийг ойшоолгүй орхиж болохгүй. Тэр хүчтэй үг, харгис байдлын ачаар сургамж авах нь гарцаагүй. Тэр Путинтай уулзахаас татгалзсан нь дотоод улстөрийн нөхцөл байдлаас үүдэлтэй. Түүний эл шийдвэр тийм ч хор хөнөөлтэй биш хэдий ч тодорхой сигнал өгч байгаа хэрэг. Утга нь бараг “хязгаар” хэмжээ хэтэрлээ гэдэг л болов уу. Хэрвээ Обама бодит улстөрд шилжиж чадсан л бол хамгийн ухаалаг алхам мөнөөс мөн. Бодит улстөр нь бусад орны сонирхлыг хүндлэхийн зэрэгцээ шийдэмгий байдлаар өөрийгөө хамгаалж чадах болмжийг бүрдүүлсэн байдаг. Зөвхөн ийм л аргаар хэвийн анархитай тэмцэж чадна.
Ц.МӨНХ

Сэтгэгдэл (0)