Газар нутгийн маргааныг шийдвэрлэх оросын онцгой аргууд
- 2013-08-20
- Дэлхий
- 0

ОХУ хиллэдэг орнуудтайгаа газар нутгийн маргаантай байсаар ирсэн. Энэхүү асуудлаар аль аль тал харилцан хэлэлцээр хийсээр ирсэн ч тоймтой үр дүнд хүрэлгүй өдий хүрэв. Гэхдээ хэлэлцээр хийх арга барилыг нягтлахад Оросын тал хэд хэдэн онцгой аргатай нь анзаарагдана. Тухайлбал, 2004 онд Хятадтай хил зааглах тухай хэлэлцээрийг хийж байсныг эргэн санахад тодорхой болно. Японы өдөр тутмын “Asahi Shimbun” сонин уг нийтлэлийг гол материалаа болгон нийтэлжээ. Эхний өвөрмөц чадвар. Оросын тал эхлээд тавьсан шаардлагаа ахин дахин шаргуу уламжилдаг. Бүр XIX зууны үед хийгдсэн хоёр талын гэрээгээр нэг сая кв.км талбайтай нутаг дэвсгэрийг Хятад Орост дамжуулан өгсөн байдаг. Хятад Улс хил зааглах тухай хэлэлцээрийг 1964 оноос хийхээр Оросын талд уриалж, өмнө дамжуулсан нутаг дэвсгэрээ буцаан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн тухайн үед хийгдсэн гэрээ цэргийн хүчний дарамтан дор хийгдсэн гэдгийг ч онцолсон байна. Гэвч өмнөх ЗХУ, хожмын Оросын үед ч хэлэлцээр хийхээс цааргалан “Уг гэрээ бол энхийн хэлэлцээрийн үр дүн мөн” хэмээн тунхаглан зарласаар иржээ. Тиймээс Хятад 2001 онд “Сайн хөршийн хамтын ажиллагаа, нөхөрсөг харилцааны гэрээ” гэгчийг илэрхийлэхээс өөр аргагүйд хүрч дээрх нутаг дэвсгэрээ булаацалдахгүй хэмээжээ.
Хоёр дахь өвөрмөц чадвар. Шаардлагатай тохиолдолд арга барилаа эрс өөрчлөх
Алс дорнодын Амур гол дээрх Их Уссурийн арлын асуудлын хэлэлцээрээс Оросын бас нэгэн өвөрмөц чадварыг харж болно. Энэхүү арал бүхлээрээ манай эзэмшлийнх гэж Орос шаргуу тэмцэж байв. Гэвч “Сайн хөршийн нөхөрлөл, хамтын ажиллагааны гэрээ” хийгдэхийн өмнөхөн Оросын тал гэнэт буулт хийн, “Арлын зарим хэсгийг өгч болох юм” хэмээн мэдэгдсэн юм.
Гурав дахь өвөрмөц чанар. Эцсийн үр дүнг дээд удирдлага л шийдвэрлэдэг
Оростой хийх хэлэлцээрт Хятадын талыг төлөөлж байсан Хятадын Гадаад хэргийн яамны сайд асан Тан Цзясюанийн тодорхойлсноор, Их Уссурийн арлын асуудлын эцсийн шийдвэрийг зөвхөн Ерөнхийлөгч Путин л гаргасан. Оросын тал гэгддэг ч үнэндээ бүх эрх мэдэл зөвхөн Ерөнхийлөгчийнх байсан хэмээсэн байна. Оросын Гадаад хэргийн яамтай хийсэн хэлэлцээр маш хэцүү байсныг ч Хятадын тал онцолдог. Учир нь арлын эзэмшлийн 40 хувийг Хятадын талд шилжүүлэхээр болсон ч “Оросын иргэд эсэргүүцлийн жагсаал хийж байна” гэсэн шалтгааанаар 20 хувь болтол бууруулснаа бүр сүүлдээ шийдвэрээ хойшлуулах шаардлагаар дуусгавар болгосон аж. Тухайн үед ноён Тан Ерөнхийлөгч Путинд шууд хандан, хэлэлцээрийг түргэсгэх тухай Оросын Гадаад хэргийн яаманд шаардлага хүргүүлэхийг хүссэн юм. Ингэсний эцэст арай гэж эцсийн шийдвэрт хүрсэн байна.
Путин яагаад буулт хийх болсон бэ?
Эцсийн шийдвэр ёсоор 210 кв.км талбайг дамжуулах зөвшөөрөл гаргасан байв. Ямар ч бүтэлгүй хэд хэдэн удаагийн шаардлагын үр дүнд Хятадын тал ч газар нутгийн дийлэнх хэсгээсээ үг дуугүй, хүлцэнгүйгээр татгалзахад хүрсэн юм. Оросын тал газар нутгийн маргааныг өөртөө ашигтайгаар шийдвэрлэхийн сацуу эдийн засаг, цэргийн хүчний тал дээр Хятадтай хамтрах харилцаагаа өргөжүүлэн, тогтворжуулах боломжийг эрэлхийлдэг байв. Оросын талын ашигч, тооцоотой чанарыг эндээс харж болно. Нөгөө талаас хойд бүсийн газар нутгийн маргааны хэлэлцээрийг энд дурьдаж болно. Энэ асуудлаар Орос, Японы Гадаад хэргийн яамны сайд нарын хоёр орлогч Москва хотноо өнөөдөр зөвлөлгөөн эхлүүлж буй. Оросын тал мөн л сурсан зангаараа “сонгодог” арга барилаа давтах нь тодорхой болов уу. Гэхдээ Оросын арга барилуудын онцлогийг мэдэж байгаа цагт нэг их санаа зовохгүй байж болно. Хойд бүсийн маргаант асуудлыг шийдвэрлэсний дүнд ямар таатай боломжтой золгохыг оросууд тооцоолсон л бол буулт хийн, зайгаа тавьж өгөх нь гарцаагүй. Хамгийн гол нь Япон Оростой цаашид хэрхэн хамтрахаа төлөвлөгөөгөө маш гоёмсгоор “зуран, будаж” чадах нь чухал байна.

Сэтгэгдэл (1)
Hunnu (103.11.195.199)
Mongoloor Amar murun gedeg yum...