Британийн эрх мэдэлтэнүүд “Guardian” -ыг дарамталж байна

Өнгөрөгч даваа гаригт Их Британийн эрх мэдэлтнүүд Э.Сноудений хамтрагч “Guardian” сонины сэтгүүлч Гленн Гринвальдийн найз Дэвид Мирандуг “Хитроу” нисэх онгоцны буудал дээр хоргоон түр хорьсон билээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Гленн Гринвальд хамтрагч Э.Сноуденаас авсан шинэ нууц материалуудаа хэвлэн нийтлэх тухай асуудлыг хөндсөн байна. Гэтэл Их Британийн эрх мэдэлтнүүд “Guardian” сонины үйл ажиллагааг зогсоох юмуу тус сонины сэтгүүлчид хадгалагдаж буй нууц материалуудыг устгах талаар анхааруулга өгсөн тухай тус сонины ерөнхий редактор Алан Расбрижер мэдээлжээ. Түүний мэдээлснээр, энэ явдлаас хойш түүн рүү хэд хэдэн томоохон албан тушаалтан утасдсан байна. Тэрбээр дээрх хүмүүстэй утсаар холбогдсоныхоо дараа Британийн хэд хэдэн нөлөө бүхий эрх мэдэлтэнтэй уулзсан аж. Эрх мэдэлтнүүд түүнээс Гринвальдад буй бүх материалыг авч өгөх юмуу устгахыг шаардсан байна. Хэрвээ тэдний шаардлагыг биелүүлэхгүй бол түүнийг эрүүгийн хэрэгт татах болно гэдгийг ч онцгойлон анхааруулсан тухай Расбрижер “Ассошэйтед Пресс” агентлагт мэдээлжээ. Мөн саяхан Британийн тусгай албаныхны хяналтан дор “Guardian” сонины ажлын компьютеруудаас хэд хэдэн хатуу дискийг гарган устгасан тухайгаа ч ерөнхий редактор онцолжээ. Түүнээс гадна Британийн тусгай албаны цахим мөрдлөгийг хариуцдаг хоёр ч агентлаг тус сонины мэдээллүүдийг устгаж буй эсэхийг хянаж байгаагаа анхааруулсан аж. “Британийн эрх мэдэлтнүүд иймэрхүү арга барилаар Хятадын тусгайгийнхны гарт орж болох байсан мэдээллүүдийг устгахыг зорьж байна. Энэ нь “Guardian” сонины өнөө хүртэл оршин тогтнож ирсэн олон жилийн түүхэнд тохиолдсон хамгийн тэнэг агшнууд байлаа” хэмээн Расбрижер мэдээлэлдээ онцолсон байна. Тус сонины сэтгүүлч Гленн Гринвальд нь Орост улстөрийн орогнол хийж буй Америкийн нууц албаны экс ажилтан Э.Сноудентай харилцаатай байгаа цөөн сэтгүүлчийн нэг юм. Түүнд Британийн тусгай албаны мөрдлөгийн талаарх нууц хөтөлбөрүүдийн тухай олон баримт байгаа бөгөөд тэдгээрийг нийтэлж чадна гэдгээ ч Гринвальд зоригтойгоор мэдэгдсэн. Харин Э.Сноуден Америкийн тусгай албаны мөрдлөг хөтөлбөрийн нууц баримтуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан дэлхий даяар түгээсэн. Гринвальдад 20 мянга гаруй нууц материал бий. Тэрбээр АНУ-ын Засгийн газрын 20 мянга гаруй нууц материалыг Эдвард Сноуденаас хүлээн авсан гэдгээ өмнө мэдээлсэн. Өдгөө Бразилд амьдарч буй Гринвальд тус улсын олон улсын харилцааны асуудал эрхэлсэн комиссийн өмнө дуудагдахдаа нууц материалууд ямар утга агуулгатайг ярихгүй хэмээсэн аж. Тэрбээр Сноуденаас авсан АНУ-ын Аюулгүйн албаны нууц материалуудыг “Guardian” сониндоо анхлан нийтэлж дэлхий дахинаа алдаршсан билээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)