АНУ, Оросын хамтарсан сургуулилт эхэлнэ

Сүүлийн үед АНУ, Оросын дипломат харилцаанд бага зэргийн ан цав гарсан ч хоёр улсын цэргийн сургалтын бэлтгэл ажил урьдын адил хэвийн үргэлжлэх юм байна. Ирэх долоо хоногт эхлэх энэхүү сургалтын хүрээнд хоёр улсын цэргийн баг нисч буй онгоцыг хэрхэн түрэмгийлэн эзлэх талаар хичээллэх юм байна. “Хурц бүргэд” нэртэй уг сургалтын дадлага нь террористуудын барьцаалсан онгоцыг хэрхэн ажиглаж, ямар аргаар өөрийн хараандаа оруулах зэргийг эзэмшүүлэх зорилготой ажээ. Сургалт, дадлага энэ сарын 26-30-ны хооронд үргэлжлэх агаад ОХУ-ын цэргийн нисэх хүчний нисгэгчид болон Хойд Америкийн батлан хамгаалахын нисэх хүчний багийнхан хамтрах аж. АНУ, Орос болон Канадын цэргийн хамтарсан баг бүрэлдэхүүний иймэрхүү сургалт 2008 оноос эхлэн явагдаж буй бөгөөд өмнө нь дөрвөн удаа хамтарсан дадлага хийжээ. Өмнөх дадлагын хоёр нь мөн нисэхийн хүчнийхний салбарт явагдсан аж. “Бидний хамтарсан сургалтын дадлага хоёр улсын батлан хамгаалахын салбарынхны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус болдог” гэж Америкийн нисэх хүчний баг албан ёсны мэдэгдэлдээ онцолжээ. Хоёр улсын дипломат харилцаа сүүлийн үед нэлээд хүйтэн байгаа ч цэргийн хамтарсан сургалт хэвийн явагдах нь. Оросын Засгийн газар Америкийн нууц албаны экс ажилтан Э.Сноуденд улстөрийн орогнол хийх боломж олгосонтой холбогдуулан Б.Обама В.Путинтай хийх хэлэлцээрээ түдгэлзүүлсэн билээ. Америкийн “Washington Post” сонин Орос-Америкийн харилцаа сүүлийн жилүүдэд бага багаар алсарч, улам хөндийрсөөр байгаа нь Обама засгийн эрхэнд гарснаас хойшхи дүр зураг юм хэмээн онцолсон байна. Хоёр улсын харилцаа муудах гол шалтгаануудаас онцлон дурдахад, 2009 онд Афганистаныг чиглэсэн АНУ ба НАТО-гийн цэргүүд болон ачаа сэлтийг Орос өөрийн улсаараа дамжуулан гаргахыг зөвшөөрсөн юм. 2010 онд Орос, АНУ хоёр стратеги довтолгооны зэвсгийг багасгах тухай шинэ гэрээ байгуулсан. Гэвч энэ үеэс хоёр улсын харилцаа таагүйтэж эхэлсэн байна. Энэ үед В.Путин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтонг 2011 онд Орос болсон Засгийн газрын эсрэг жагсаалыг өдөөсөн, жагсагчдыг дэмжсэн хэмээн буруутгасан. Энэ явдлаас нэг их удалгүй 2012 онд америк гэр бүлд орос өнчин хүүхэд өргүүлэх асуудалд цэг тавин хориглосон юм. Түүнээс гадна эдгээр орнууд Сирийн иргэний дайнд хандах байдлаараа ч сөрөг байр суурьтай байдаг.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)