Хосни Мубаракийг шүүх хурлыг хойшлуулжээ

“Лалын ахан дүүс” нийгэмлэгийн удирдагч нарыг шүүх хурал Египетийн нийслэл Каир хотноо эхэлжээ. Тус нийгэмлэгийн дээд удирдагч Мухаммед Бадиа болон түүний хоёр орлогч Хейрат аш-Шатер, Рашад Байюми нарыг олон нийтийг өдөөн хатгасан бослого зохион байгуулж, их хэмжээний цус урсгасан хэрэгт буруушааж байгаа аж. Мөн төрийн байгууллага, христийн сүм, цагдаагийн хэсгүүд рүү дайрах зорилго бүхий террорист бүлэглэл бий болгосон гэсэн хэрэгт ял тулгаж байгаа юм. Египетийн аюулгүйн албаныхан сүүлийн өдрүүдэд тус нийгэмлэгийн хэдэн зуун гишүүнийг баривчилсан агаад тэдгээрийн дийлэнх нь зэвсэглэсэн байдалтай баригджээ. Тус улсын Засгийн газар “Лалын ахан дүүс”-ийнхний цаашдын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох хууль эрхийн бүхий л боломжийг судалж байгаа аж. Мөн саяхан шоронгоос гэрийн хорионд гарсан тус улсын экс-Ерөнхийлөгч Хосни Мубаракийг шүүх хурлыг энэ үеэр эхлүүлнэ гэж байсан ч ирэх сарын 14 хүртэл хойшлуулсан тухай Египетийн төв телевиз мэдээлжээ. Түүнийг 2011 оны жагсагчдыг хомроголон устгасан хэрэгт буруутгаж буй. Өмнө нь түүнд тулгаж байсан хээл хахуулийн хэргийг хүчингүй болгосон бөгөөд өнгөрөгч дөрөвдүгээр сард цагдаагийн хяналтад сулласан билээ.
Сэтгэгдэл (0)