Хойд Солонгос АНУ-ын элчээс татгалзав
- 2013-09-02
- Дэлхий
- 0

Хойд Солонгосын эрх мэдэлтнүүд АНУ-ын хүний эрхийн тусгай төлөөлөгч Роберт Кингийг хүлээн авахаас татгалзсан шалтгаанаа Вашингтоны өдөөн хатгалгатай холбон тайлбарлажээ. Хойд Солонгосын тал уг татгалзсан хариуг өнгөрөгч бямба гаригт АНУ-ын Төрийн департаментад өгсөн аж. Пхеньян АНУ-ын хүний эрхийн төлөөлөгчтэй хүмүүнлэгийн асуудлаар хэлэлцээр хийхэд бэлэн байсан ч Америкийн стратегийн бөмбөгдөгч онгоц В-52Н Солонгосын хойг дээгүүр нисэн өнгөрөхөд хэлэлцээрийн тухай ямар ч яриа болохгүй нь тодорхой болсон гэж Хойд Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг дамжуулжээ. “Америкийн бөмбөгдөгч онгоц Солонгосын хойгийн агаарын орон зайд дураар халдан орсон нь бидний хувьд дайны аюул, цөмийн шантаажийн тод хэлбэрийг илэрхийлж байгаа юм” гэж тус агентлагийн мэдээнд онцолжээ. Өнгөрөгч баасан гаригт Өмнөд Солонгос-Америкийн хамтарсан цэргийн 12 өдрийн сургалт дууссан билээ. Уг сургалтын хүрээнд Америкийн бөмбөгдөгч онгоц Солонгосын хойг дээгүүр ниссэн эсэх талаар мэдээлэл хараахан алга байна. Роберт Кинг өнгөрөгч сарын сүүлийн өдрүүдэд Хойд Солонгост айлчилж, “улсын эсрэг гэмт хэрэг”-т буруутгагдан 15 жил хүмүүжлийн ажил хийх ял сонссон Бэйгийн хувь заяаг шийдвэрлэх ёстой байсан юм. АНУ-ын иргэн Кеннет Бэй нь өнгөрсөн оны 11-дүгээр сард Хойд Солонгосын нутаг дэвсгэрт жуулчдын багт харьяалагдан иржээ. Тэрбээр Хойд Солонгост таван өдөр байх төлөвлөгөөтэй ирсэн ч улстөрийн хэрэгт буруутгагдан баривчлагджээ. Өнгөрөгч тавдугаар сард түүний шийтгэлийг эдлүүлэхийн тулд тусгай хөдөлмөрийн лагерьт хорих болсон байна. Хойд Солонгосын эсрэг гэмт хэрэг үйлдэгсдэд цаазаар авах хүртэл ял оноодог. Харин Бэйд 15 жилийн засан хүмүүжих ял оноосон нь Пхеньян АНУ-ын анхаарлыг татаж, дипломат хэлэлцээр хийх гэсэн нэг шалтаг хэмээн ажиглагчид дүгнэсэн юм.

Сэтгэгдэл (0)