Химийн зэвсгийг босогчид ашигласан гэнэ

Сирийн босогчид Дамаск хотын захын дүүрэгт химийн зэвсэг ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Үүнийг хотын оршин суугчид болон хордсон хүмүүст тусламж үзүүлсэн эмч нар батлан өгүүлж байгаа аж. Уг хэргийн мөрөөр сурвалжилсан чөлөөт сэтгүүлчдийн ажил болон хакеруудын илрүүлсэн баримтаар химийн хорт хийн дайралтыг АНУ зохион байгуулж, Саудын Араб гүйцэтгүүлсэн гэнэ. Химийн зэвсэг ашигласан аймшигт дайралтын уршгаар мянга гаруй хүн хорвоог орхисон. АНУ, Франц, Их Британи, Арабын орнуудын зарим төлөөлөл уг халдлагад Башар Асадыг буруутгасан. Энэхүү өдөөн хатгалгын дүнд Сирийн Ерөнхийлөгчийг сэжиглэн буруушаах хандлага холбоотнуудын дунд газар авсан. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ээдрээтэй хэвээр байна. Газар дундын тэнгис дээр Америкийн цэргийн арми хүчний байдлаа улам бэхжүүлэн нэмсээр байгаа тухай мэдээлэл өдөр бүр цацагдаж байна. Сирид цохилт өгөх шийдвэрийг нэгэнтээ гаргачихсан Америкийн Ерөнхийлөгч конгрессийн дэмжлэгийг авахаар түр хүлээлтийн байдалд байгаа. Америкчууд Сирийн арми л химийн зэвсэг хэрэглэсэн гэсэн хардлагадаа үнэнч байгаа төдийгүй үүнийгээ маргашгүй үнэн хэмээж, өөр ямар ч тайлбар сонсохыг хүсэхгүй байгаа. Иорданы чөлөөт сэтгүүлч Йахиа Абабнех, “Ассошиэтед Пресс” агентлагын ажилтан асан Дэйл Главка нарын цуглуулсан баримт, явуулсан судалгааны ажил америкчуудын “маргашгүй үнэн”-д эргэлзэхүйц баримтыг дэлгэсэн байна. Тэд хэргийн газар ажилласан эмч нар, оршин суугч, босогчдоос тодруулга авсан бөгөөд зарим нэг босогчийн мэдүүлснээр химийн зэвсгийг Саудын Арабын ханхүүгээс авсан нь тодорхой болсон гэнэ. Сурвалжлагч нар уг мэдээллээ “Mint Press News” цахим хуудаснаа нийтэлсэн өгүүлэлдээ дурьдсан байна. Сурвалжлагч нарын олж тогтоосноор химийн зэвсгийн халдлагад өртсөн нэгэн залуугийн эцэг хүүгийнхээ цогцсыг Саудын иргэд амьдардаг сууцны хонгилоос олсон байна. Эндхийн нэг сауд иргэн хийн баллон шиг зүйлтэй холбосон асар том хоолой бүхий зэвсэг хадгалж байсныг ч зарим оршин суугч ярьсан аж. Халдлага болсон дүүргийн оршин суугчдын ярьснаар, босогчид дайралт хийх газрынхаа байгаар мөргөл хийдэг газар болон иргэдийн байр сууцыг сонгон эртнээс төлөвлөсөн аж. Тэр ч байтугай халдлагад оролцсон, нэрээ нууцлахыг хүссэн нэгэн босогч ямар учиртай зэвсэг болох, хэрхэн ашиглахыг ч зааж өгөөгүй гэдгийг ярьсан байна. Мөн нутгийн террорист бүлэглэлийн нэгэн лидер, “Жабхат аль-Нусра”/ Аль-Кайдагийн хамсаатан/ нь химийн зэвсгийн дайралтад бусад босогч бүлэглэлийг ч уруу татан ашигласан хэмээн онцолсон аж. “Тэд бидэнд ямар аюултай зэвсэг болохыг ч тайлбарлалгүйгээр биднийг ашигласан. Манай олон босогч амиа алдсан” гэж тэрбээр өгүүлсэн аж. Сурвалжлагч нар 10 гаруй террористтэй уулзан ярилцсан агаад тэд АНУ-ын үнэнч хамтрагч болох Саудын Арабаас цалин хангамж авдгаа ч нуулгүй ярьсан байна. Саудын Арабын ханхүү Бандарыг Сири дэх зэвсэгт террорист бүлэглэлүүдийг удирддаг гэж Ливаны “Al-Akhbar” сонин мэдээлж байсан. Тэрбээр босогчдын зэр зэвсгийн асуудал болон бусад талын дэмжлэг авахаар байнга л АНУ, Израиль, Турк, Иорданыг зорьдог гэсэн мэдээлэл ч нэг бус удаа гарч байсан билээ. Түүнээс гадна Асадын арми зарин гэх химийн хорт хийг өнгөрөгч хоёр болон наймдугаар сард ашигласан тухай мэдээллийг Бандарын тагнуулчид анхлан түгээсэн тухай “ВВС” мэдээлсэн удаатай. Өнгөрөгч хоёрдугаар сарын мөн химийн зэвсгийн гэгдсэн халдлагыг босогчид үйлдсэн гэдгийг НҮБ-ын Сирийн асуудал эрхэлсэн комиссар Карла дель Понте мэдэгдэж байсан. Америкийн өдөр тутмын “Wall Street Journal” сонин саяхны нэг нийтлэлдээ Саудын Арабын Тагнуулын төв удирдлагын зорилго нэн чухал, ялангуяа Бандарын талынхан зэвсэг агсан жолоо атгаснаас хойш байдал улам хурцдах төлөвтэй болсныг онцолж байсан. Мөн ханхүү Бандар Иордан дахь босогчдыг сургах, зэвсэглэх хөтөлбөр боловсруулдаг хэмээсэн билээ. Харин Саудын Араб өөрсдөд нь хаягласан эл тодорхойлолтыг эрс үгүйсгэж, босогчдын өчүүхэн хэсгийг л дэмжих төдий байдаг хэмээн тайлбарладаг. Гэтэл дэлхийн зарим хэвлэл өнгөрөгч сарын 21-нд Дамаскт гарсан хийн хорт бодисын дайралтад АНУ-ын тусгай алба оролцсон талаар ч мэдээлж байв. Тухайлбал, Британийн “The Daily Telegraph”сонин Америкийн цэргийн хүчний хурандаа Энтони Ж.Макдональдын Южин Фёрст гэгчтэй цахим ертөнцөөр харилцсан захидлыг нийтэлсэн. Уг захидлыг http://pastebin.com/zeXpsRnh гэсэн хаягаар орж үзэх боломжтойг ч олноо мэдээлсэн бөгөөд Южин Фёрст гэгч нь хурандаа Макдональдад хандан “Сирид химийн зэвсгийн дайралт болсныг “Вашингтон пост”-оос олж уншлаа, үйл ажиллагаагаа амжилттай явуулсанд баяр хүргэе” гэж халдлага болсны маргааш буюу наймдугаар сарын 22-нд илгээснийг нийтэлсэн юм. Эдгээр баримтаас харахад Вашингтон, Саудын Араб хоёр Сири дэх өөрийн зорилгоо гүйцэлдүүлэхийн төлөө юуг ч хийхэд бэлэн байгаа төдийгүй нэн тэргүүнд Асадын Засгийн газрыг түлхэн унагаах төлөвлөгөөтэйг харуулж байна. АНУ олон улсын өмнө хүлээх эрхээ зөрчин, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр Сирид халдахад бэлэн байгаа. Ийм алхамдаа ч хэдийнэ гаршаа биз. Сүүлийн 30 жилийн хугацаанд АНУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр бусад орны эсрэг цэргийн ажиллагаа явуулсаар ирсэн. Тухайлбал, Гренад /1983/, Панама /1989/, Афганистан болон Судан /1998/, Югослав /1999/, Ирак /2003/, Пакистан, Йемен /2002/-д явуулсан цэргийн ажиллагаануудыг дурьдаж болно. Мөн Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрлийн дагуу Иракт 1991 онд, Сомалид 1993, Ливид 2011 онд тус бүр цэргийн хүчний ажиллагаа явуулж байсан.
Сэтгэгдэл (0)