АНУ-ын цохилтын зардлыг Арабын орнууд төлнө

Сирийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Дамаск, Идлиб хотуудад ширүүн тулаан өрнөж буй аж. Босогчид Засгийн газрын армийн эсрэг дайралт хийснийхээ хариуд их бууны цохилт авчээ. Харин энэ үед АНУ-д Сирийн эсрэг цохилт өгөх ажиллагааны материалыгАмерикийн сенатын олон улсын хэрэг эрхлэх төв хороо хүлээн авч танилцаад конгрессийн дээд танхимд шилжүүлэх ажил явагдаж байна. Сирид цохилт өгөх тухай асуудлыг дэвшүүлэх үед хурлын зааланд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн байна. Эсэргүүцэгчдийн олонхи нь цэргийн ажиллагааны зардалд гарах санхүүгийн асуудлыг илүү тооцоолж байгаа гэнэ. Учир нь уг үйл ажиллагааг эхлүүлбэл хэдий хэмжээний хөрөнгө зарах шаардлагатай болохыг Пентагон тооцоолон гишүүдэд танилцуулсан аж. Хэрвээ АНУ Сирид цэргийн ажиллагаа явуулбал хамгийн багаар 200 сая ам.доллар шууд зарцуулах юм байна. Тиймээс уг ажиллагааг эсэргүүцэгчид ийм их хөрөнгийг дайнд зориулан үрэхийн оронд Америкийн боловсролын систем, анагаахын салбарт зарцуулах нь зүйтэй хэмээн бусад улстөрчдөө ятгаж байгаа гэнэ. Гэвч АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, цэргийн ажиллагаанд зориулах бүх хөрөнгийг Арабын орнууд гаргахаар амласан тухай мэдэгдэж байсан. Гэхдээ яг ямар улсууд мөнгө гаргахыг Жон Керри онцлоогүй бөгөөд ямартаа ч америк цэргүүдийн санхүүгийн асуудал шийдэгдсэн тухай “Россия 24” телевиз дамжуулсан байна. “Манайхаас гарах бүх зардлыг нөхөж өгнө гэсэн Арабын орнуудын саналыг хүндэтгэлтэйгээр “За” гэхээс өөр яахав. Бид энэ асуудлаар баримт бичгээ ч бүрдүүлсэн. Эдгээр орон, хэрвээ АНУ Сирид ажиллагаа явуулах юм бол мөнгөний асуудалд санаа зоволтгүй гэсэн. Эдгээр ивээн тэтгэгчид бидний төлөвлөгөөнд хэдийнэ багтсанд эргэлзэх хэрэггүй” гэж Жон Керри онцолсон аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)