Бид Оросоос болоод урагш алхаж чадахгүй байна

-“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр 11 улс Сирид цэргийн халдлага хийх ажиллагааг дэмжлээ. Хамгийн сүүлд Герман уг ажиллагаанд нэгдэхээ амлав-

Санкт-Петербург хотноо болж өнгөрсөн “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хөндөгдсөн хамгийн чухал сэдэв мэдээж Сирийн асуудал байсан. Сирид цэргийн ажиллагаа явуулах шийдвэр гаргасан АНУ- ын Ерөнхийлөгч Б.Обама, уг ажиллагааг эсэргүүцэн сөрөг байр суурьтай байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Сирийн асуудлаар хагас цаг ярилцсан боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Өнгөрөгч бямба гаригт Европын холбооны орнуудын Гадаад хэргийн сайд нар АНУ-ыг Сирид хийх дайралтаа НҮБ-ын химийн зэвсэг хэрэглэсэн тухай илтгэлийг олноо танилцуулах хүртэл түр хүлээзнэхийг гуйсан байна.

Петербург хотноо “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт дууслаа. Уулзалтын сүүлийн өдөр “Их 20”-ийнхон Сирийн хямралыг үндсэн сэдвээ болгон хэлэлцсэн байна. Танхимын хуралдааны үеэр В.Путин, Б.Обама нарын хоёр талт мэтгэлцээн хэт даамжирч, бусад төлөөлөгчдийг хагас цагийн туршид нэг ч үг хэлэх боломжгүй болтол мэтгэлцсэн байна. “Бид 20-30 минутын турш бүтээлч, эелдэг байр сууриар харилцан ярилцсан. Би түүний /Обама/ нотолгоо, шийдвэртэй санал нийлэхгүй байна. Тэр ч минийхтэй санал нийлэхгүй байгаа. Гэхдээ ямар ч гэсэн харилцан ярилцсан, бие биеийнхээ санал, нотолгоог сонссон. Гэхдээ дэлхийн эдийн засаг хүнд нөхцөлд байгаа энэ үед Ойрхи Дорнодын хямралыг цэргийн хүчээр шийдвэрлэнэ гэдэг тийм ч зүйтэй арга биш” гэж В.Путин хэлэлцээрийн дараа онцолсон байна. Харин Б.Обама, “Харилцан яриа нээлттэй, бүтээлч байсан хэдий ч хэн хэн нь өөрийн байр сууриндаа хатуу үлдлээ. Би хувьдаа ойлгомжтой хариулсан. Конгрессийн өмнө ч гэсэн би эл асуудлыг тусгайлан хөндөж дэмжлэг авах гэж байгаа нь хамтдаа хүчирхэг, үр дүнтэй байх гэсэн санаа. Одоо би миний саналыг дэмжих үү үгүй юу гэсэн тоглоомоор тоглохгүй ” хэмээн сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Америкийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Б.Обама энэ сарын 10-нд АНУ-ын иргэдэд хандан Сирийн хямралын талаар шинэ мэдэгдэл хийх гэнэ. Энэ тухайгаа тэрбээр Стрельнад хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр зарласан аж. АНУ-ын Ерөнхийлөгчийн онцолсноор, “Их 20”-ийн орнуудын удирдагчдын дийлэнх нь Ерөнхийлөгч Башар Асадын засаглал химийн зэвсэг ашигласан гэх түүний байр суурийг дэмжсэн гэнэ. Тэрбээр, “Хэрвээ бид Сирид химийн зэвсэг ашигласан асуудлыг үл ойшоон орхих юм бол бусад үлгэрлэгч орон химийн зэвсэг хэрэглэхээс айхгүй болно” хэмээн онцлон тэмдэглэжээ. АНУ-ын конгрессийн дээд танхимын гишүүд Сирид цэргийн ажиллагаа явуулах эсэхэд энэ сарын 11-нд санал хураалгах юм.

 “Сирид цэргийн ажиллагаа явуулах асуудалд Орос сөрөг байр суурьтай байгаа нь таагүй дохио гэдгийг бид НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд сайтар ойлгуулсан гэж би бодож байгаа. Оросын тууштай биш байдлаас болж бид урагш хөдөлж чадахгүй байна” гэж АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Мари Харф дээд хэмжээний уулзалтын үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал дээр онцолсон байна. Түүнээс гадна Вашингтонд цэргийн ажиллагаа явуулах асуудалд НҮБ-аас нааштай шийдвэр гаргуулахын тулд эцсээ хүртэл хичээх болно. Гэхдээ НҮБ- ын Аюулгүйн зөвлөлийн хүрээнд бид Орос, Хятадын зүгээс тууштай биш байдалтай нэг ч удаа тулгарч байгаагүй. Тийм болохоор энэ нь маш чухал асуудал болох нь тодорхой” гэж Харф мэдэгдсэн байна. В.Путин америк түнштэйгээ харилцан ярилцаад дуусах үедээ Сирийн талаарх АНУ,Оросын байр суурийг Орос, Америкийн дипломат Сергей Лавров, Жон Керри нараар дахин хэлэлцүүлэх хэрэгтэй хэмээсэн аж. Энэхүү мэдэгдлийн дараа хоёр орны дипломат уг асуудлаар 40 минутын турш утсаар ярилцсан ч хоёр талын санал зөрөлдөөн хэвээр үлдсэн тухай АНУ-ын Төрийн департаментаас мэдээлжээ. Санкт-Петербург хотноо болсон дээд хэмжээний уулзалтын дараа Цагаан ордон мэдэгдэл хийсэн байна. Уг мэдэгдэлд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр Сирид цэргийн ажиллагаа явуулах шийдвэрийг “Их 20”-ийн орнуудаас 11 нь дэмжихээ илэрхийлсэн хэмээн онцолжээ. Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг үл харгалзан Сирид хөндлөнгөөс оролцохыг зөв хэмээсэн орнуудад Австрали, Канад, Франц, Итали, Япон, Өмнөд Солонгос, Саудын Араб, Испани, Турк, Их Британи, Герман, АНУ нар багтаж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнгөрөгч бямба гаригийн шөнө Европын орнуудаар хийх айлчлалаа эхэлсэн. “Түүний айлчлалын гол зорилго Сирийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахад олон улсын дэмжлэг авахад оршиж буй юм” гэж “CBS” телевизийн сурвалжлагч Марк Ноллер твиттер хуудаснаа онцолсон байв. Керри нэн тэргүүнд Европын холбооны 28 орны Гадаад хэргийн сайд нар уулзаж буй Литвийн нийслэл Вильнюс хотыг зорьсон аж. Дараа нь Лондон, Парис хотуудад айлчлахаар төлөвлөжээ.

 Вильнюс хотноо болсон уулзалтын үеэр Сирийн Засгийн газрыг химийн зэвсэг ашигласан хэмээн буруушааж буй 11 орны хамтарсан тунхаг бичигт Герман нэгдэхээр гарын үсэг зурсан байна. Вильнюсийн дээд хэмжээний уулзалтын үеэр Европын холбооны дипломатуудын тэргүүн Кэтрин Эштон оролцогч орнуудын тэргүүлэгчдийг Сирийн эсрэг ажиллагаанд нэгдэхийг уриалж, “Химийн зэвсгээр энгийн иргэдийг хордуулан хөнөөх нь зөвшөөрч боломгүй аймшигт хэрэг учраас гэмт этгээдийг шийтгэлгүй өнгөрүүлж болохгүй тул тодорхой хариу өгч үүний эсрэг хамтдаа тэмцье” хэмээн ухуулсан байна. Мөн тэрбээр, “Сирийн Засгийн газар уг хэрэгт хариуцлага хүлээх ёстойг баталсан баримт нотолгоонууд бий” гэдгийг ч онцолсон аж. Харин Европын холбооны гишүүд АНУ-аас НҮБ химийн зэвсгийн талаар баримт нотолгоо бүхий илтгэл гаргатал Сирид дайралт хийлгүй байгаач хэмээн хүссэн тухай “Reuters”дамжуулжээ. Тиймээс Башарын дэглэмийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах шийдвэрт Европын холбооны орнууд одоогоор нэгдсэн шийдэлд хүрээгүй байна. Америкийн байр суурийг дэмжихээ илэрхийлсэн Франц л гэхэд ямар нэг ажиллагаа эхлүүлэхээсээ өмнө НҮБ-ын мэргэжилтнүүдийн явуулсан мөрдлөг ажлын дүгнэлтийг хүлээх нь зүйтэй гэж байгаа юм. Гэхдээ “Сирид дахин химийн зэвсэг ашиглах аргыг болиулахын тулд цэргийн цохилт өгөх ганц арга зам байна” гэж Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус онцолжээ. Германы “Frankfurter Allgemeine Zeitung” сонинд бичсэнээр, НҮБ-ын шинжээчид Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдлыг мөрдсөн судалгааны ажлынхаа эхний хэсгийн дүгнэлтээ энэ долоо хоногийн сүүлээр танилцуулах аж. НҮБ-ын шинжээчид химийн зэвсгийн дайралт болсон гэгдэж буй хэргийн газар ажиллаж, хүн, амьтны цус, үс, эд материал тэргүүтнээс 100 гаруй дээж цуглуулан шинжилж байгаа аж. Гэхдээ мэргэжилтнүүдийн судалгааны ажил химийн зэвсэг ашигласан эсэхийг л тодруулах үүрэгтэй юм. Харин үнэхээр химийн зэвсэг хэрэглэсэн бол аль тал / Засгийн газрын цэргүүд үү босогчид уу/ хэрхэн ашигласныг тодруулахгүй. Энэ сацуу Америкийн социологичид Сирийн эсрэг цохилт өгөх нь зөв эсэхийг иргэдийн дунд судалгаа явуулан тандахад 51 гаруй хувь нь агаарын цохилт өгөхийг дэмжсэн гэсэн мэдээлэл ч гарсан. Харин цэргийн хүчээр дайралт хийхийг америк иргэдийн 36 хувь нь дэмжсэн бол 13 хувь нь мэдэхгүй хэмээн хариулжээ. Энэхүү судалгааг “Gallup” компани явуулан олноо танилцуулжээ. Социологичдын онцлон тэмдэглэснээр, АНУ-ын зүгээс цэргийн ажиллагаа явуулах эл ажлыг иргэд нь хамгийн бага хувиар дэмжиж буй анхны үзэгдэл гэнэ. “The Washington Post” сонин“Их 20”-ийн уулзалтын үеэр Обамагийн хэлсэн үгийг шинжлэн дүгнэж, социологичдын судалгаагаар америкчууд Засгийн удирдлагынхаа шийдвэрийг дэмждэггүй төдийгүй ардчиллынхан ч Обамаг дэмжихэд бэлэн бус хэмээн онцолсон байна. “Өнгөрөгч баасан гаригт болсон хуралдаанаар Цагаан ордны төлөөлөгчдийн талаас илүү хувь нь тэр дундаа ардчиллын талынхан эл шийдвэрийн эсрэг байр суурьтай байгаа” гэж тус сонин онцолжээ. Нэн ялангуяа 2008 оны Иракийн дайнд Обамаг тууштай тэмцэн, хөдөлгөж байсан хүмүүс энэ удаад хүчтэй эсэргүүцэж байгаа нь ажиглагдаж буй гэнэ. “Шинэ дайны ажиллагаа нь Афганистан, Иракт явуулсан урт хугацааны хоёр дайны үр дагаварыг арилгахаар чармайж буй АНУ-ын Засгийн газрын бодлоготой сөргөлдөж байна” хэмээн Америкийн сэтгүүлчид бичжээ. Гэхдээ Обама ард иргэддээ хандан телевизээр үг хэлэхдээ, Сирийн эсрэг цэргийн ажиллагаа өмнөхүүдээс тэс өөр байхыг онцолсон. “Бид тодорхойгүй хугацаатай дайны талаар яриагүй. Энэ бас нэг шинэ Ирак юмуу Афганистан болохгүй. Америкийн газрын цэргийн ажиллагаа ч биш. Бидний ажиллагаа цаг хугацаа, зай талбайгаар хязгаарлагдмал байх болно. Бид Сирийн эрх мэдэлтнүүдэд өөрсдийн иргэдээ хийгээр хордуулах боломжийг олгохгүй ” хэмээн Б.Обама өдөр бүр телевизээр ард иргэддээ хандан үг хэлдэг ээлжит нэвтрүүлгийнхээ бямба гаригийн дугаарт онцолжээ. Харин “The New York Times” сонин “Их 20”-ийн уулзалтын дараа “Обама Сирийн асуудлаар өргөн хэмжээний дэмжлэг авч чадсангүй” гэсэн гарчиг бүхий нийтлэлээр олны анхаарлыг татжээ. “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт дээр асар их мэтгэлцээн өрнөв...Обама өөрийн шийдвэртээ бусад орны удирдагчдын дэмжлэгийг авч чадсан гэж нэг бус удаа мэдэгдсэн хэдий ч нэн тэргүүнд дотоод дэмжлэгээ авах нь зүйтэй. Америкчуудын дийлэнх нь дайны эсрэг байр суурьтай байгааг үл анзаарч болохгүй” гэж тус сонин нийтлэлдээ онцолжээ.


Ц.МӨНХ


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • ss (208.54.64.133)

    2013-09-10

    USA. U da man.

  • хөдөө (203.91.117.4)

    2013-09-09

    америк мангас

  • (103.11.192.130)

    2013-09-09

    amerik er ni bolimoor yum aa delxiin tsagdaa bolox oo,amerikaas l ali muu muuxai gardag shyy dee...

  • bayaha (85.26.241.142)

    2013-09-09

    Америкчуудын дийлэнх нь дайны эсрэг байр суурьтай байгааг үл анзаарч болохгүй” гэж тус сонин нийтлэлдээ онцолжээ.

  • (103.11.195.158)

    2013-09-09

    USA mandtugai!!!

  • hh (124.158.104.24)

    2013-09-09

    US bol jinhene *****

  • usa (202.21.113.141)

    2013-09-09

    amerik delhiin daisan bolj bna da