С.Собянин дахин сонгогдох нь гарцаагүй болжээ

Өнгөрөгч ням гаригт Орос орон даяар сонгуулийн нэгдсэн өдөр тохиосон. Өчигдөр өглөө Москва хотын сонгуулийн төв хороо хэвлэлийн бага хурал зарлан хотын даргын сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулсан байна. Сонгуулийн төв хорооны дарга Валентин Горбунов сонгуулийн эцсийн нэгдсэн дүнг өнөөдөр танилцуулна хэмээн мэдэгджээ. Москва хотын даргыг сонгох сонгуулийн ирц 32.07 хувьтай байжээ. Урьдчилсан шатны санал тоололтоор Сергей Собянин 51.37 хувийн санал авч ялалт байгуулсан байна. Харин түүний гол өрсөлдөгч хэмээгдэж байсан Алексей Навальный 27.24, Иван Мельников 10.69, Сергей Митрохин 3.51, Михаил Дегтярев 2.86, Николай Левичев 2.79 хувийн саналаар тус бүр жагссан байна. Москва хотын даргыг сонгох энэ удаагийн сонгууль сүүлийн 10 жилд анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог болж байгаа юм. Одоогийн хотын дарга С.Собянин нь 2010 оны аравдугаар сарын 21-нд Москва хотын гурав дахь дарга болон томилогдсон юм. Түүнээс өмнө эл албанд Юрий Лужков байсан агаад 18 жил нийслэл хотоо удирдсан юм. Тэрбээр 2010 оны есдүгээр есдүгээр сарын 28-нд “Ерөнхийлөгчийн итгэл алдсан” хэмээх буруушаалыг үүрч, албанаасаа чөлөөлөгдсөн. Лужковоос өмнө Гавриил Попов Москва хотын дарга байв.
Сэтгэгдэл (0)