Нүгэл илүү их нүглийг төрүүлдэг

Тэртээх 2001 онд хэдэн мянган үхэл дагуулсан эмгэнэлт хэрэг бүхий есдүгээр сар шинэ зууныг нээж байсан. Энэ нь 1945 онд америкчуудын Хирошимад илгээсэн цөмийн бөмбөгийн аймшигт хэрэгтэй эгнэшгүй ч дэлхий дахинаа уг үйл явдлыг шууд дамжуулан үзүүлсэн нь сая сая хүний сэтгэлийг хөндөж чадсан юм. Гэхдээ Вашингтон энэхүү аймшигт хэргээр газар нутгийн сонирхлынхоо төлөө 12 жилийн турш зэвсэг агссан нүглээ далдалсан мэт. Нью-Йоркийн ихэр цамхгийн халдлагаас хойш таван жил ч өнгөрөөгүй байхад АНУ нэгэн шинэ стратеги боловсруулсан юм. 
Пентагон болон Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг уруу дайрсан үйлдэлтэй холбогдуулан тоймгүй олон хувилбар түгж байв. Гэхдээ энэ хэргийн цаана амиа золиослогч террористуудын хөлөглөсөн онгоц бус харин цэргийн даалгавар гүйцэтгэсэн далавчит пуужин байсан гэсэн хувилбар байсныг дэлхий дахин анзаарсан болов уу. Хэчнээн олон хувилбар үе үе гарч байсан ч эл үйл явдлын үнэн мөнийг бодитоор тогтоон илрүүлж олноо танилцуулах өдөр ойрын ирээдүйд л лав үгүй нь бололтой. Гэхдээ л Вашингтон “Аль-Каида” гэх террорист бүлэглэл өөрсдийг нь заналхийлж байгаа талаар дэлхий дахинаа мэдээлсэн. Талибанчуудтай тэмцэх зорилгоор Афганистан уруу америк цэргүүдийг илгээсэн. 
Вьетнамын дайны дараах бас нэгэн аймшигт дайн болсон юм. Тусгаар тогтносон улсын гэмгүй иргэд болон цэргийн хүчинд дайчлагдсан жирийн америк хөвгүүд тэнд халуун цусаа урсгасаар байсан. Вашингтон өөрсдөд нь хаягласан дэлхий дахин төдийгүй америкийн ард түмнийхээ сөрөг хандлагаас зайлсхийхийн тулд ихэр цамхгийн сүйрлийг чадварлаг ашигласан юм. Олон нийтийг хамарсан айдас, үзэн ядалт Америкийн улстөрчдийн тоглоомын дүрэмд “нүдээ олж” чадлаа. Өглөө ажилдаа гарсан аав, ээж, өвөө, эмээ, нөхөр, эхнэр, үр хүүхэд, ах дүү, хамаатан саднаа үүрд алдсан америкчуудын уур хилэн тухайн үеийн улстөр төдийгүй шашинд ч нөлөөлж эхлэв. Америкчуудын сэтгэл зүйн байдлыг нарийвчлдан ажигласан Францын философич Жан Бодрийяр, “Америкчууд зөвхөн номлогч бус босогчид юм. 
Бүх зүйлийг хуучин хэвэнд нь оруулахын тулд тэд юуг ч сүйтгэж, нураахад бэлэн юм байна” хэмээн тодорхойлсон байдаг. Бодит байдлыг чигээр нь мэдрүүлэх телевизийн нэвтрүүлгийн аугаа хүчнийг ойлгосон “CNN” телекомпанийн удирдлагууд Афганистанд болж буй тулааны талаар болон сүйдсэн хотууд, гэмгүй иргэдийн мөхлийн талаар шууд дамжуулахгүй байхыг уриалж байв. Тухайлбал, “Washington Post” сонины нэгэн сэтгүүлч нийтлэлдээ, Америкийн телевизүүд Афганистаны оршин суугчид болон ахмадуудын орон сууц, Улаан загалмайн ажилтнуудын байрыг хэрхэн сүйтгэсэн талаар огт үзүүлдэггүй мөртлөө “Аль-Каида”-гийн тэргүүн Усама бен Ладен байж болзошгүй гэж нэгэн сахалтай өвгөнийг чичлэн янз бүрээр нэвтрүүлдэг хэмээсэн байдаг. Энэ нь Америкийн цэргийнхэнд огт таалагдаагүй бөгөөд тухайн үед Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхийн алба хашиж байсан Кондолиза Райс, телевизийнхэнд хандан цаашид Усамагийн талаар янз бүрийн шууд нэвтрүүлэг цацахгүй байхыг хүссэн байна. Үүнээс хойш “MSNBC” болон “Fox News” телевизүүд дэлхийн №1 гэгддэг террористийн талаар нэвтрүүлэхээс бүрмөсөн татгалзсан бол “CNN” богино хэмжээгээр үзүүлэх болсон. Америкчууд иймэрхүү стратеги ашиглахдаа ер нь гаргууд гэж хэлж болно. Магадгүй энэ нь ард түмэндээ юу ч тайлбарлалгүйгээр нэг дайсныг нөгөө рүү шилжүүлэхэд эрх мэдэлтнүүдэд бага гарзтай байдаг байж болох юм. 
Эхлээд “Аль-Каида” болон тус бүлэглэлийн удирдагчийг шаварт шигдүүлээд дараа нь Сирид халдахын тулд АНУ болон дэлхий дахиныг заналхийлэгч террористуудыг дэмжин тэтгэж байна. Ер нь 2001 оны есдүгээр сарын 11- ний Нью-Йоркийн эмгэнэлт хэрэг болон түүний үр дагаврууд нэг л эргэлзээтэй. Иран үгүйрэн хоосорсон. Ираны ард түмэн АНУ- ыг үзэн яддаг. Тунисын Засгийн эрхэнд америк гаралтай улстөрчид очсон хэдий ч ирээдүй нь бүрхэг. Ливийн эсрэг цуст хувьсгал эцэс төгсгөлгүй эмх замбараагүй байдлыг бий болгосноос гадна тус улс хэзээ ч Америкийн нөлөөллөөс гарч бие даан хөгжиж чадахааргүй мэт харагдах, Афганистаны түрэмгийллийн золиос болсон хэдэн арван мянган үхэл тус улсыг бүхэлд нь сүйрүүлсэн. 
Гэтэл одоо Сирийн асуудал яригдаж байна. Нүгэл илүү их нүглийг төрүүлдэг. Гол зохион байгуулагчид нь Вашингтонд байна.


Ц.МӨНХ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)