Сирид химийн зэвсэг ашигласан эсэхийн илтгэл НҮБ-д очлоо
- 2013-09-17
- Дэлхий
- 0

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Сирид химийн зэвсэг ашигласан талаарх баримт, илтгэлийг хүлээн авсан бөгөөд түүнийгээ Аюулгүйн зөвлөлд илтгэх болсон талаар дэлхийн мэдээллийн хэрэгслүүд дамжуулжээ. Эл мэдээллийг НҮБ- ын Ерөнхий нарийн бичгийн албан ёсны төлөөлөгч Мартин Несирки хэвлэлийнхэнд уламжилсан байна. “Сирид химийн зэвсэг ашигласан эсэхийг судлан тогтоосон Нэгдсэн үндэстний шинжээчдийн багийн илтгэлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хүлээлгэн өглөө.
Илтгэлийг шинжээчдийн багийн ахлагч, профессор Оке Сельстрём Бан Ги Мунд Нью- Йорк хотноо хүлээлгэн өгсөн. НҮБ- ын Ерөнхий нарийн бичгийн дарга уг илтгэлтэй танилцсаныхаа дараа илтгэлийн талаар Аюулгүйн зөвлөлд хаалттай хуралдаан зохион байгуулж, мэдээлэх юм. Хуралдааны дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ” гэж Несирки албан ёсны мэдэгдэлдээ онцолсон байна.
ДАМАСК ЦАГ АЛДАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА
Дамаск НҮБ-ын зүгээс гаргах ямар ч шаардлагыг биелүүлэхэд бэлэн байгаа гэнэ. Энэ тухай Сирийн хэвлэл мэдээллийн албан ёсны төлөөлөгч Омран аз-Зоуби мэдээлсэн байна. Тэрбээр, Бид химийн зэвсгээс татгалзах нь зүйтэй гэсэн Оросын уриалгыг хүлээн авсан. Энэ талын бичиг баримтыг ч хэдийнэ бүрдүүлээд эхэлсэн.
Сирийн Засгийн газар эл асуудлаар цаг алдахыг хүсэхгүй байгаа учир баримт сэлтээ бүрдүүлэх ажилдаа яаравчлан орсон гэж онцолжээ. Өнгөрөгч бямба гаригт Оросын Гадаад хэргийн яамны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Сирийн химийн зэвсгийг олон улсын хяналтад шилжүүлэх, улмаар устгалд оруулах талаар хэлэлцээр хийн, нэгдсэн үр дүнд хүрсэн талаар манай сонин өмнөх дугаартаа нийтэлсэн билээ.
ХИМИЙН ЗЭВСГИЙГ 2014 ОНЫ ДУНДУУР УСТГАНА
Сирийн химийн зэвсгийг 2014 оны дунд үе гэхэд устгасан байх нь тодорхой боллоо гэж Америкийн зэвсгийн хяналтын нийгэмлэгийн тэргүүн Дэрил Кимболл онцолсон байна. Женевийн хэлэлцээрийн хүрээнд Орос, АНУ хоёр Сирийн нутаг дэвсгэр дээр агуулагдаж буй бүх химийн зэвсэг болон үйлдвэрлэгч төхөөрөмжүүдийг устгах асуудал дээр санал нэгдсэн билээ. “Энэ сарын 14-нд хоёр тал зөвшилцсөн нь үр дүнд хүрч дэлхий нийтийн талархлыг хүлээлээ. Уг зөвшилцөл ёсоор Сириэс химийн бодисууд болон үүнтэй холбоотой төхөөрөмжүүдийг гаргах, устгалд оруулах талаар шаардлага тавих эрхтэй болж байгаа юм.
Ирэх оны дундуур дуусгахаар төлөвлөөд буй энэ ажилд хэр их мөнгө зарцуулагдахыг тооцоолоход хэцүү. Миний бодлоор лав багаар бодоход 100 сая ам.доллар зарцуулагдана” гэж Америкийн мэргэжилтэн Кимболл дүгнэжээ. Харин уг үйл ажиллагаанд зарцуулагдах хөрөнгийг хаанаас гаргах тухайд тэрбээр, АНУ-ын Төрийн департаментад иймэрхүү ажилд зориулагдсан тусгай сан байдгийг онцлон сануулсан байна. Түүнээс гадна Химийн зэвсэг хориглогч байгууллагын төсвөөс дийлэнх зардлыг гаргах боломжтой гэнэ. Мөн Сирийг химийн зэвсгээс ангижруулах ажлыг санаачилсан Орос ч уг ажиллагаанд тодорхой хэмжээний тусламж үзүүлж болзошгүйг Кимболл онцолсон байна. Харин Дамаск бүх химийн зэвсгээ устгалд оруулах боломжтой эсэхэд тэрбээр ийн дүгнэжээ. “Асад зарим зэвсгээ нууцлан авч үлдэхийг хичээх байх.
Гэвч Орос, Америкийн хамтарсан тагнуулын алба энэ талаар мөрдлөг явуулах тул нууцаар зэвсэг нөөцлөхөд асуудалтай л байх болов уу. Түүнээс гадна хэрвээ Асад химийн зэвсэг хадгалж буй бүх агуулах, савныхаа байршлыг зааж өгөөгүй тохиолдолд сөрөг үр дагавартай тулгарна гэдгээ мэдэж байгаа байх. Тиймээс Асадад олон улсын нийгэмлэгтэй хамтран ажиллахаас өөр сонголт байхгүй” гэж Кимболл онцолсон байна. Мөн тэрбээр Сирийн асуудал долоохон хоногийн өмнө ямар ээдрээтэй, төсөөлшгүй ирээдүйтэй байсан, гэтэл одоо бүх зүйл ард хоцорсон мэт сайхан болсныг онцолжээ. Тиймээс Женевийн хэлэлцээрийг Орос, Америкийн дипломат харилцааны чухал амжилт хэмээн тодотгожээ.

Сэтгэгдэл (0)