Энэтхэг бүсгүй Америкийн мисс болов
- 2013-09-17
- Дэлхий
- 0


“Америкийн мисс-2014” тэмцээний төгсгөлийн шат өнгөрөгч ням гаригийн шөнө Нью-Жерси мужийн Атлантик-Сити хотноо болж өнгөрчээ. Тэмцээний ялагчаар Нью-Йорк мужаас оролцсон энэтхэг гаралтай, Америкийн иргэн 24 настай Нина Давулури тодорсон байна. Америкийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний түүхэнд анх удаа Энэтхэг гаралтай бүсгүй тодорч буйгаараа онцлог болсныг эх сурвалжууд онцолсон байна.
Америкийн шинэхэн мисс төгсгөлийн шатны шалгаруулалт дээр гүн ухлаадас бүхий нимбэг жимс шиг шар өнгийн, бие барьсан, урт даашинз өмсөн гарч иржээ. Миссийн болор титмийг өнгөрсөн жил мөн Нью-Йорк мужаас оролцон түрүүлсэн мисс Мэллори Хэйган тайзнаа гарч ирэн Нинад өмсгөсөн байна. Энэ жилийн Америкийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд 53 бүсгүй оролцсоноос 15 нь төгсгөлийн шалгаруулалтад тунаж үлдсэн байна. Төгсгөлийн шатны оролцогчид усны хувцас, үдшийн даашинзтай үзүүлбэр сонирхуулсныхаа дараа авьяас чадварын тэмцээнд өрсөлджээ. Эцсийн шатанд шүүгчдийн багийн тусгай асуултуудад хариулан оюун ухааны чадвараа үзүүлсэн байна. Нина Давулури авьяасаа үзүүлэх тэмцээнд Энэтхэгийн үндэсний бүжиг сонирхуулсан байна. Тэрбээр өөрийнхөө тухай танилцуулахдаа эмч-эм зүйч болох хүсэлтэйгээ дурьджээ.
Шүүгчдийн бүрэлдэхүүн түүнд “Телевизийн нэрт хөтлөгч Жулия Чен ази төрхөө өөрчлөхийн тулд онигор нүдээ томруулан гоо сайхны мэс засал хийлгэснийг юу гэж боддог вэ” гэсэн асуулт тавьсан байна. Тэрбээр эл асуултад “Гоо сайханд ямар нэг стандарт байхгүй, тэр тусмаа газар нутгийн онцлог өөрийн гэсэн гоо сайхныг агуулж байдаг гэж би боддог.
Гэхдээ хүн бүр өөрийгөө илүү сайхнаар мэдэрч, өөртөө сэтгэл хангалуун байхын тулд ямар нэг өөрчлөлт хийх эрхтэй” хэмээн хариулсан байна. “Америкийн мисс” тэмцээний ялагч 50 мянган ам.долларын эзэн болдог. Хоёрдугаар байрыг Калифорнийн мисс, гуравдугаар байрыг Оклахома мужийн оролцогч тус бүр эзэлжээ. Тэд тус бүр 25, 20 мянган ам.долларын эзэн болно. “Америкийн мисс” тэмцээн 1921 оноос хойш зохион байгуулагдаж буй агаад тэмцээнд 17-24 насны эмэгтэйчүүд оролцдог аж.


Сэтгэгдэл (0)