Германы хэт барууны нам улсынхаа ерөнхийлөгчийг шүүхэд өгөв

Тус улсын хэт барууны үзэлтэй үндэсний ардчилсан нам Германы Ерөнхийлөгч Йоахим Гаукийн эсрэг шүүхэд гомдол гаргасан байна. Улстөрийн эл байгууллагад хамааруулан Ерөнхийлөгчийн таагүй хандлага гомдол гаргах шалтгаан болсон тухай Германы хэвлэлүүд онцолжээ. Өнгөрөгч наймдугаар сард Берлиний Хеллерсдорф дүүрэгт дүрвэгсдэд зориулсан төв байгуулан нээлт хийсэн байна. Энэ үед хэт барууны намынхан хэдэн өдрийн турш тус төвийг сахин, эргүүлдэж уг газрыг хаах ёстой гэж Засгийн газраас шаардаж байсан. Үндсэрхэг эсэргүүцэгчид дүрвэгсдийн төвийн гадна өрнүүлсэн эсэргүүцлийн жагсаалаа улам өргөжүүлсээр байв. Тэдний бослогыг хэд хэдэн удаа цагдаа нарын албан хүчээр тарааж байжээ. Ерөнхийлөгч Йоахим Гаук энэ үйл явдалд тайлбар хийхдээ, “ Бидэнд гудамжинд гарч галзуу солиотой хүмүүст болох болохгүй зүйлийн хязгаарыг илэрхийлж чаддаг иргэд хэрэгтэй” хэмээсэн аж. Ерөнхийлөгчийн хэлсэн эл өгүүлбэр хэт барууны намынхны эгдүүцлийг хүргэсэн байна. Тиймээс үндсэрхэг үзэлтнүүд Төрийн тэргүүний хэлсэн “галзуу солиотой” гэсэн таагүй тодотголыг өөрсдөд нь хаягласан хэмээн гомдол гаргасан аж. Түүнээс гадна хэт барууны намынхан Ерөнхийлөгчийг цаашид үндсэрхэг үзэлтнүүдэд хандан иймэрхүү үг хэллэг дахин ашиглахгүй байх хориг тавьж өгөхийг Үндсэн хуулийн шүүхээс хүсчээ. 
Германы үндэсний ардчилсан нам нь 1964 оноос хойш оршин тогтнож буй агаад зургаан мянга орчим гишүүнтэй аж. Сүүлийн үед тус намд элсэх гишүүдийн тоо ч нэмэгдсээр байгаа гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)