Сноуден чимээгүйхэн амьдарч байна
- 2013-09-18
- Дэлхий
- 0

Орост улстөрийн орогнол хийж буй Америкийн Үндэсний аюулгүйн агентлагын ажилтан асан Эдвард Сноуден хамгаалагчийн хяналтад чимээгүйхэн аж төрж буй гэнэ. Уг хамгаалагчийг Сноудены хүсэлтээр ажиллуулж буйг өмгөөлөгч Анатолий Кучерен онцолсон байна. “Сноудены амьдарч буй газрын хаягийг хэнд ч мэдэгдэх ёсгүй. Түүний аюулгүй байдлыг хангах үүднээс ийн нууцалж байгаа.
Мөн түүний амь настай холбоотой ямар нэг аюул тулгарах магадлал харьцангуй өндөр” гэж Кучерен энэ талаар тодруулсан сэтгүүлчид мэдээлжээ. Түүнээс гадна Сноуден аюулгүй байдлынхаа төвшинг өөрөө тодорхойлох бөгөөд заавал мэргэжлийн тусгай албаныхан эл үүргийг гүйцэтгэх шаардлагагүй юм байна. Тиймээс Сноудены хүсэлтийн дагуу харуул хамгаалалтын хувийн албадаас хамгаалагч авч ажиллуулсан гэнэ.
Гэхдээ Сноуден гудамжаар зугаалж болох агаад “Одоохондоо түүнийг хэн ч танихгүй” гэж Анатолий Кучерен онцолсон нь түүнийг гадаад төрхөө өөрчилсөн байж болзошгүйг илтгэлээ хэмээн эх сурвалж онцолжээ. Дашрамд дурдахад, Э.Сноудены эцэг Лон Сноуден хүүтэйгээ уулзах зорилгоор Москва уруу нисэх гэж хөөцөлдсөн ч өдий хүртэл бүтэмжгүй байгаа талаар мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байсан.
Тэрбээр АНУ дахь Оросын элчингээс Оросын виза авч чадахгүй саатаад байгаа аж. Гэсэн хэдий ч тэрбээр Оросыг зорих төлөвлөгөөгөө өөрчлөөгүй агаад визаны асуудал шийдэгдмэгц хүүтэйгээ уулзахаар ниснэ хэмээн хүлээж байгаа гэнэ.

Сэтгэгдэл (0)