Башар Асад: Сири химийн зэвсгийн гэрээний нөхцлүүдийг биелүүлэхэд бэлэн байна

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Америкийн “Fox News” телевизэд ярилцлага өгөхдөө ийн мэдэгджээ. Түүний онцолсноор, Сири химийн зэвсгийн бүх нөөцөө аль ч оронд хамаагүй дамжуулах болон устгалд оруулахад бэлэн гэнэ. 
Химийн зэвсгийг устгах ажил Асадын тооцоолсноор нэлээд өндөр зардал, багагүй хугацаа шаардсан ажил болох төлөвтэй байгаа аж. Нарийвчилсан дүгнэлтээр нэг тэрбум орчим ам.доллар, нэг жилээс багагүй хугацаа өлхөн зарцуулагдах гэнэ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр Дамаскт гарсан химийн зэвсгийн халдлагад Засгийн газрын армийн цэргүүд бус босогчид буруутайг дахин онцолжээ. Сирийн эрх мэдэлтнүүдэд террорист босогчид зарин хорт бодисыг хэрхэн ашигласныг харуулах нотолгоо байгааг ч ярьсан байна. Мөн тэрбээр Сири улсын байдал дэлхийн хэвлэлүүдийн онцлоод байгаа шиг иргэний дайны төвшинд очоогүйг ч хэлжээ. Харин “Аль-Кайда”-гийн дайралтад өртсөн болохыг онцолсон байна. Сирид хэдэн арван мянган босогч тулалдаж буй агаад тэдний дийлэнх буюу 80-90 хувь нь “Аль-Каида” террорист сүлжээ болон тэдний хамсаатан бүлэглэлийнхэнд харьяалагддагийг Асад онцолжээ. 
Сирийн босогчдыг аль нэг улс биш лалын ертөнцийн нөлөө бүхий хувь хүн ивээн тэтгэн дэмждэг болохыг ч Асад сонирхуулсан аж. Сирийн хямралын уршгаар хэдэн арван мянган жирийн иргэн, 15 мянга орчим цэргийн албан хаагч амь үрэгдээд байгаа ажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)