Террористууд барьцааны иргэдийг хорооно хэмээн сүрдүүлжээ

Кенийн нийслэл Найроби хотноо өнгөрөгч бямба гаригт террорист этгээдүүд томоохон худалдааны төвийг эзлэн үйлчлүүлэгчдийг барьцаалсан хэрэг гарсан билээ. Тус улсын тусгай албаныхан өчигдөр өглөөний байдлаар худалдааны төвийн дийлэнх хэсгийг хяналтдаа авсан бөгөөд барьцаанд байгаа 10 хүнийг л суллаж чадаагүй байна гэсэн мэдээлэл дамжуулсан байна. 
Мөн хэдхэн цагийн дараа гэхэд барьцааны хүмүүсийг суллаж, тусгай ажиллагааг зогсооно гэдгээ ч амласан аж. Гэвч дугаар шилжих мөчид сум нэвтэрдэггүй шилэн ханатай өрөөнд нуугдсан террористууд барьцаанд үлдсэн 10 хүнийг хорооно хэмээн заналхийлж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна. Найроби хотын төвд орших “Вестгейт” худалдааны төвд хэдэн арван террорист халдан орж гэмт халдлага үйлдэн хүмүүсийг барьцаалж эхэлсэн. Цахим хуудсууд болон хэвлэлүүдээр барьцаалагдсан хүмүүс болон халдлагад өртөн амиа алдагсдын зураг бүхий үйл явдлын аймшигт дүр зураг нийтлэгдэж нийгмийг цочроож байв. Энэ үед худалдааны төвийн дээд давхруудад жинхэнэ аймшигт хэрэг үргэлжилж байсан аж. Халдлагын эхний өдөр 43 хүн террористуудын гарт амь үрэгдсэн бөгөөд тэдний дунд АНУ, Их Британи, Франц, Канад, Өмнөд Солонгосын иргэд болон Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кениатын зээ хүү байсан гэнэ. Тухайн үед барьцаанд байгаа иргэдийн тоо ч тодорхойгүй байлаа. Энэ үеэр тус улсын Ерөнхийлөгч Ухуру Кениата ард иргэддээ хандан үг хэлэхдээ, “Улсынхаа Ерөнхийлөгч, үндэстнийхээ тэргүүний үүргээр та бүхнийхээ уй гашууг хуваалцаж байна. Гэмт халдлагын золиос болсон хүн бүрийн өмнөөс зүрх шимширч байна. Миний зээ хүү ч сүйт бүсгүйнхээ хамт халдлагад өртөн амиа алдлаа. Тэд минь дөнгөж амьдралд хөл тавьж байсан залуухан хүмүүс байсан юм” гэж онцолсон байна. 
Цуст халдлагын үеэр амь гарч чадсан нэгэн гэрчийн ярьснаар террористууд эхлээд дэлгүүрийн хамгаалагчийн өрөөнд гал нээсэн аж. Харин удалгүй энд тэндгүй буудаж эхэлжээ. Тэд эхэндээ хамгаалагч нарыг элдэн буудаж байснаа сүүлдээ нүдэнд нь өртөж, таагүй үйлдэл хийсэн хүн бүрийг буудах болсон аж. Гэмт халдлага эхэлснээс хэдхэн цагийн дараа цагдаа нар болон цэргийн хүчин худалдааны төвийн барилгыг бүрэн бүсэлснээр дахин буудалцаан эхэлж, амь үрэгдэгсдийн тоо 68 болжээ. Гэхдээ энэ нь эцсийн тоо биш юм. Өчигдөр өглөөний байдлаар тус улсын цэргийн хүчин худалдааны төвийн барилгын дийлэнх хэсгийг хяналтдаа авч, барьцаанд байсан ихэнх хүнийг сулласан байна. Харин террористууд сум нэвтэрдэггүй шилэн ханатай тасагт нуугдаж байгаа бөгөөд барьцаалсан хүмүүсийнхээ хувцсанд тэсрэх бодистой бүс бэхэлсэн байж магадгүй байгаа гэнэ. Халдлага үйлдэгчид нь “Аль- Каида” террорист бүлэглэлийн Африк дахь салбар бүлэглэл “Аш- Шабаб”-ын гэмт этгээдүүд юм байна. Террористууд халдлага үйлдэхдээ ямар нэг зүйл шаардаагүй бөгөөд Сомалийн нутаг дэвсгэр дээр Кенийн цэргүүд тусгай ажиллагаа явуулсныг эсэргүүцэж ийм үйлдэл хийж буйгаа мэдэгдсэн аж. Олон улсын анхаарлыг татсан энэхүү цуст халдлагад Интерпол тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. 
Хэрвээ олон улсын тусламж шаардлагатай бол Интерполийн тусгай ажиллагааны мэргэжилтнүүд Найробиг зориход бэлэн байгаа гэнэ. Тусгай ажиллагаа явуулж буй Кенийн тусгай албаны ажилтнуудад Израилийн цэргийн хүчин ч нэгдсэн аж. Учир нь халдлагад өртсөн худалдааны төв Израилийн Тель-Авивийн нэгэн бизнесмений эзэмшилд оршдог ажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.11.194.78)

    2013-09-25

    Muu aluurchiidiig bugdiig ni ustgaad ug. Heleltseer hiij, buult hiij bolohgui. tegeh tusam ted davraad dahiadl iim zuil hiideg