Барьцааны иргэдийг суллав
- 2013-09-25
- Дэлхий
- 0

Кенийн тусгай албаныхан Найроби хотын худалдааны төвд явуулж буй тусгай ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Мэргэжилтнүүдийн хамгийн сүүлд дамжуулсан мэдээллээр, худалдааны төвийн дээд давхруудад хэдхэн террорист нуугдаж байгаа гэнэ. Харин террористуудын барьцаанд байсан 10 иргэнийг эсэн мэнд сулласан аж. Өчигдрийн байдлаар зургаан террористийг хөнөөсөн бөгөөд өөр хэд хэдийг шархдуулсан аж. Одоогоор террористуудын гарт амь үрэгдэгсдийн тоо 62 болоод байна. Барьцаалагдсан иргэдийг суллах, террористуудыг баривчлах тусгай ажиллагаа ийнхүү дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа юм.
Кенийн нийслэл Найроби хотын төвд орших брэнд дэлгүүрүүд цогцолсон “Westgate” худалдааны төвд баг өмссөн террористууд өнгөрөгч ням гаригт халдан иргэдийг барьцаалан, гэмт халдлага үйлдэж эхэлсэн билээ. Энэхүү төвд нийслэлийн бийлэгжүү иргэд болон гадныхан голдуу үйлчлүүлдэг гэсэн. Тэр ч утгаараа халдлагад өртөн амь үрэгдсэн хүмүүсийн дотор Их Британи, АНУ, Канад, Өмнөд Солонгос, Францын иргэд төдийгүй Кенийн Ерөнхийлөгчийн төрөл төрөгсөд ч байсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Цуст халдлагад хэдэн хүн оролцож байгаа нь тодорхойгүй байна. Халдлага эхэлсэн даруйд “Аль- Каида”-гийн хамсаатан “Аль-Шабаб” лалын бүлэглэл уг хэргийг зохион байгуулсан талаар эх сурвалжууд мэдээлж байсан ч өчигдрийн байдлаар жинхэнэ зохион байгуулагч нь тодорхойгүй тухай зарим эх сурвалж онцолжээ.
Тусгай албаныхан террористуудаас нэгийг ч гэсэн амьдаар нь барьж чадсан тохиолдолд гэмт хэргийн жинхэнэ эзнийг тогтоох юм. Гэвч гарцгүй болсон террористууд амиа золиослох магадлал өндөртэй байгаа талаар зарим эх сурвалж онцолжээ.

Сэтгэгдэл (0)